Хамгийн түрүүнд устаж болзошгүй 8 хот

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-12-01 14:16:57

ТОРОНТО. /Providr/. Хүн төрөлхтөн технологи, эм тариа гарган авах үйлсэд ихээхэн амжилт олж буй энэ үед бусад олон асуудал урган гарсаар байна.  

Өнгөрсөн зуунд хүн ам асар ихээр өссөнийг дагалдан тоочиж баршгүй олон асуудлууд бидний өмнө тулгарч байгааг соёл иргэншилт хүмүүсийн хувиар бид өөрсдөө зохицуулах ёстой. Эдгээр асуудлуудын нэг бол яахын аргагүй уур амьсгалын өөрчлөлт юм.

Байгаль орчин болон хүн төрөлхтний нөлөөллийн улмаас дор дурдсан найман хот гамшигт өртөж, газрын хөрснөөс бүрмөсөн устаж алга болж магадгүй байна.

АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хот бол дэлхийн хамгийн гайхалтай хотуудын нэг боловч хамгийн аюултай бүсэд оршдог. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ зууны сүүлчээр тус хотод 7 балл болон түүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болох магадлал 75 хувьтай байгаа аж. Ийм хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд тус хотын ихэнх хэсэг сүйдэх магадлалтай.

Италийн Венец хот бол дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг боловч өдөр ирэх тусам живсээр байгаа. Газар доорх ус хотыг усанд автуулдаг юм. Хотыг уснаас хамгаалах олон янзын төлөвлөгөө байдаг боловч тэдгээр нь төдийлөн дорвитой арга хэмжээнүүд биш юм. Цаашид найдвартай бөгөөд бодитой арга хэмжээ авна гэдэгт л найдах үлдэж байна.

Мехико хот бол живж байгаа хотуудын нэг болой. Учир нь уг хотыг ширгэж хатсан нуурын ёроолд байгуулжээ. Мехико хот жилд 10 орчим см-ээр сууж байгаа бөгөөд өнгөрсөн 40 жилийн хугацаанд 10 м-ээр доошилсон байна. Үүнээс гадна тус хот газар хөдлөлтийн маш идэвхтэй бүсэд оршдог. Хэрвээ тус хотод газар хөдлөлт болбол ширгэсэн нуур болон газар хөдлөлтийн нөлөө нь асар их хохирол учруулах юм.

Банжул бол Африкийн нэгэн орны жижигхэн нийслэл хот. Тус хотыг хүрээлсэн далайн эрэг элэгдсээр байгаа тул усны түвшин нэмэгдсээр байна. Далайн эргийн шугам Банжул хотыг бусад хотуудтай холбодог хурдны замаас ердөө 2 км зайд дөхөж ирээд байгаа аж.

Бангкок бол живж байгаа хот бөгөөд хотыг хүрээлсэн далайн усны түвшин нэмэгдсээр байна. Тус хотынхон ундны усны хэрэгцээгээ хангахын тулд газрын гүний усыг юүлдэг бөгөөд энэ нь хотын суурийг сулруулж, улам доош нь живүүлж байгаа юм.

Тимбукту хот нь Араб-Африкийн худалдааны гол сүлжээ байсан боловч өнөө үед зарим ноцтой асуудалтай тулгараад байна. Сахарын цөл түрсээр байгаагийн улмаас тус хотод цөлжилт маш эрчимтэй явагдаж байгаа юм. Тус хотын зарим хэсэг элсэнд хучигдаад байгааг зогсоох арга алга гэж тусламжийн байгууллагууд мэдэгджээ. Гэхдээ хотын өмнөд хэсгийг хамгаалах арга замыг хайсаар л байна.

Италийн Неаполь хот. Энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн эртний хотуудын нэг юм. Энэ хот МЭ 79 онд Помпей хотыг сүйрүүлсэн Везуви галт уулын хажууханд оршдог ажээ. Хэзээ нэгэн цагт энэ идэвхтэй галт уул дахин сэрэх үед Неаполь хотын хувь заяа Помпей хотынхыг давтах болно.

Хүн ам асар шигүү суурьшсан Нью-Йорк хот мөн л хүндхэн асуудалтай тулгарчээ. Энэ хотыг хүрээлсэн далайн усны түвшин дэлхийн бусад далай тэнгисийн усны түвшнээс хоёр дахин илүү хурднаар нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн тус хотод хар салхи болох магадлал өндөр байгаа аж.

Д.Нямтулга

 

Связанные новости