Зураачид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулахад тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-12-12 17:09:01

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан гаргаж буй “Social Art” уран зургийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.

ХНХЯ, Нийслэлийн ЗДТГ, “Тэгш нийгэм холбоо” ТББ, “Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн” ТББ, Италийн АИФО байгууллага хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 100 гаруй бүтээл дэлгэжээ.

Үзэсгэлэн нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах төв”-ийг Улаанбаатар хотод байгуулахад Монголын уран зураачид өөрсдийн хандив, хувь нэмрийг оруулахад чиглэж байгаа юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар худалдан, олсон орлогыг энэхүү төвийг байгуулахад зориулахаас гадна зураачдын уран бүтээлээр онлайн зургийн үзэсгэлэн, худалдааг нээн ажиллуулах юм.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах, чадавхжуулах, сэргээн засч, амьдралд бэлтгэх, тэдэнтэй ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудын ойлголт, мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих ажиллах аж.

Дашрамд дурдахад, хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор Монгол Улсад нийт 108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 59.7 мянга нь эрэгтэйчүүд, 48.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 34 хувь нь төрөлхийн, 66 хувь нь олдмол юм. Энэ нь хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлд өртөх тохиолдол өндөр байгааг харуулж байна. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр байгаа нь манай улсын нийт хүн амын өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг нь осол гэмтэл болж байгаатай холбоотой юм.

Тус үзэсгэлэн долоо хоногийн турш олны хүртээл болно.

Ж.Болор

Связанные новости