Хяргас сум цагаан зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-20 16:44:34

Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, цагаан зудтай байна.

Одоогоор 16 айлын 8000 гаруй мал бусад суманд отроор өвөлжиж байгаа аж. Харин сумандаа 334 өрхийн 240 мянга гаруй мал өвөлжиж байна. Цас их орсон тул орон нутгийн чанартай зам даваа хаагдаж, өвөлжилт хүндэрч эхэлжээ. Энэ жил Хяргас сумынхан Аюулгүйн нөөцдөө 10 тн өвс, 10 тн гар тэжээл бэлтгэсэн бол ард иргэдийн гар дээр 1600 тн өвс, 100 тн гар тэжээл, 570 гаруй тн хужир шүү байна. Урд жилүүдээс их цас орсноос болж хаагдсан орон нутгийн чанартай зам давааг нээж байгаа ч удалгүй шуураад хаачихдаг байна.

“Сумын хойт талаар өвөлжиж байгаа 230 малчин өрхийн 130 гаруй мянган малыг онд мэнд оруулах шаардлагатай байна. Одоогоор мал хорогдсон мэдээ алга. Эдгээр 230 малчин өрхөд 140-өөд бага насны хүүхэд, 20-иод жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй иргэн, өндөр настан 18, нэн ядуу өрх 11 байгаа” хэмээн сумын ЗДТГ-ын дарга Б.Цэнд-Аюуш хэллээ.

Тус суманд цасны зузаан 35-40 см байгаа аж.

Б.Батхүү

Связанные новости