3 сартай охин харханд бариулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЙОХАННЕСБУРГ. /Wxyz/. Өмнөд Африкийн БНУ-ын Йоханнесбург хотын оршин суугч 26 настай нэгэн эмэгтэй үдэшлэгт яваад гэртээ ирэх хооронд хэсэг хархнууд 3 сартай охиныг нь барьж идсэн байжээ. Энэ хэрэгт холбогдуулан уг эмэгтэйг баривчилсан байна.
Тэрбээр үдэшлэгт байнга явдаг гэж түүнд орон байр түрээслүүлдэг Н.Мтшали гэгч хүн ярьсан байна.
“Тэрбээр үүрээр шинэ найз залуутайгаа орж ирсэн. Гэрийнхээ түлхүүрийг хаясан учраас хаалгаа эвдэхийг оролдож байсныг харсан. Улмаар тэр хоёр өрөөнд ороход охин нь үхсэн байсан боловч хүүхэд түлэгдсэн байсан гэж ярьсан” хэмээн Н.Мтшали “Sun” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Хөршүүдийнх нь ярьснаар, нярай хүүхдийн биеэс өчүүхэн хэсгүүд л үлдсэн байсан гэв.
“Эмэгтэйг баривчилсан бөгөөд түүнд хүүхэддээ хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Ирэх онд түүнийг шүүх хурал болно” гэж Йоханнесбург хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мега Ндобе мэдэгдэв.
Харханд бариулсан нярай хүүхдийн эрэгтэй ихэр нь эцгийнхээ асрамжинд байдаг ажээ.
Д.Нямтулга