Агаарын бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМэргэжлийн байгууллагын судалгаагаар Дорнод аймгийн төвийн агаарын бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогджээ. Шалтгааныг нь аймгийн төвийн гэр хорооллын тоо улам нэмэгдсэн, автамашины тоо олширсонтой холбон тайлбарлаж байна.
Чойбалсан хотын хувьд хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж нэмэгдсэнээр агаарын бохирдол ихсэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2005 онд 18 микограмм байсан хүхэрлэг хийн агууламж 2015 онд 109 микограмм болж өссөн дүн гарчээ. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж харьцангуй нам дор газарт илүү байдаг бол азотын давхар ислийн агууламж хотын төв замын ойролцоо буюу тээврийн хэрэгсэл ихээр зорчдог газарт их хэмжээгээр хуримтлагддаг аж.
Энэ байдлаас болж амьсгалын замын болон бусад өвчлөл ихсэх шалтгаан болж байгааг ч холбогдох мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Иймд хот төлөвлөлтийг сайжруулж, жижиг оврын зуухны тоог цөөрүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр агаарын бохирдлыг бууруулна гэж үзэж байна.
Дорнод аймагт 22916 өрх байдгийн 7870 нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Зөвхөн Чойбалсан хотын хэмжээнд 4000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг юм байна.
Б.Туяа