Орхон аймагт 5900 шил “Gold Chinggis” архи битүүмжиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНУлаанбаатар хотод таван иргэн архинд хордож амиа алдсантай холбоотойгоор Орхон аймгийн хууль, хяналтын байгууллагууд архи худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг байгууллагуудыг яаралтай шалгажээ. Үүний хүрээнд 354 цэгээс 5900 шил “Gold Chinggis” архийг битүүмжилсэн байна.
Харин “Найрсаг” нэртэй архи шалгалтын үеэр илрээгүй гэж МХГ-ын улсын байцаагч хэллээ. Архинд хордож амиа алдсан иргэдийн хэргийн газарт “Найрсаг”, “Gold Chinggis” архины шил байсан тул ийнхүү орон даяар уг архийг битүүмжилж байгаа юм. Улаанбаатар хотын ИТХ-аас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Орхон аймагт архи худалдахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргах эсэхээ дээрх байгууллагууд ярилцлаа. Эцэст нь аймгийн хэмжээнд яаралтай арга хэмжээ авч хяналт шалгалт хийсэн тул хориглох шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзлээ. Харин дахин шалгалт хийхээр боллоо.
Б.Оюун-Эрдэнэ