Хятадад нэг овгийн 500 гаруй хүн зургаа авахуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНБЭЭЖИН. /BBC/. Хятадын нэгэн гэр бүлийн 500 гаруй гишүүн хамтдаа гэр бүлийн зураг авахуулжээ.
Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Шишө тосгоны Рөн овогтынхон өнгөрсөн долоо хоногт болсон Хаврын баяр буюу Цагаан сараар гэр бүлээрээ зургаа авахуулсан байна.
Цагаан сар бол хятадуудын хувьд хамгийн хүндтэй баяр бөгөөд гэр бүлээрээ хамтдаа байх ховор боломж юм.
Гэрэл зурагчин Жан Лянжун дрон ашиглан Шишө тосгоны ойролцоох галт уулын базальт чулуулаг тогтоцын өмнө энэ зургийг авчээ.
Тэрбээр ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “Шишө тосгоноос гаралтай Рөн овогтынхны гарал угсаа нь 851 жилийн тэртээгээс эхтэй боловч сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн мод буюу угийн бичгээ тэд огт шинэчлээгүй байсан” гэжээ.
Тосгоны ахмадууд саяхан гэр бүлийн модоо шинэчилсэн байна.
Ингээд Цагаан сараар төрөл төрөгсдөөрөө цуглаж, гэр бүлийн модоо шинэчилснийг тохиолдуулан дурсгалын зураг авахуулсан нь энэ юм.
Рөн овогтын удам угсаанд хамаарах 500 гаруй хүн Бээжин, Шанхай, Шинжаан болон Тайваниас уугуул тосгондоо ирж цугларсан байна.
Г.Доржханд