Яам, агентлагуудад “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл” байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-20 16:58:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу яам, агентлаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд гурван хүний бүрэлдэхүүнтэй “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл” байгуулах ажил орон даяар эхэлжээ.

Энэхүү зөвлөл нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд  хяналт тавих зорилготой юм. Мөн байгууллагын нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод, байгаа эсэхийг хянах, мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн эсэхэд хяналт тавих аж.

“Олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-д орох хүсэлтэй иргэдэд хэд хэдэн үндсэн шаардлага тавих аж. Тухайлбал, дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, эд хөрөнгийн үнэлгээ, чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх юм. Мөн ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх шаардлагатай юм. Уг зөвлөлд ажиллах хүсэлтэй иргэд АТГ-т хандах аж.

Ч.Ариунболд

Связанные новости