Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Солонгосын дээгүүр нисчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-02 13:59:37

СӨҮЛ./TASS/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний “В-1В Lancer” стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцууд 5 дугаар сарын 1-нд БНСУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлджээ. Энэ тухай мягмар гарагт Америкийн агаарын цэргийн хүчний Номхон далайн командлал мэдээллээ.

“Даваа гарагт хоёр “В-1В Lancer” бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгос болон Японы агаарын нисэх хүчинтэй хамтран цэргийн сургуулилт хийхээр Гуамд байрлах Андерсены агаарын хүчний баазаас хөөрсөн” гэж мэдэгдэлд дурджээ. Эдгээр нисэх онгоцуудыг БНСУ руу илгээсэн нь “Ази-Номхон далайн бүс нутаг дахь оролцоог дэмжих ердийн ажиллагаа” бөгөөд “ямар нэгэн тодорхой нөхцөл байдал эсвэл улс оронтой холбоогүй” гэдгийг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “В-1В Lancer”-ийн нислэгийн зорилго нь “Умард Солонгост сүр хүчийг үзүүлэх явдал” байсан" гэжээ. Түүний хэлснээр, дээрх бөмбөгдөгч онгоцууд Солонгосын хойгийн орчимд гурван цаг орчим ниссэн байна.
О.Барс 

 

Связанные новости