Өмссөн хувцаснаас нь болж тэмцээнд орохыг нь хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-05-02 14:21:50
 
КУАЛА-ЛУМПУР. /BBC/ Өмссөн хувцаснаас нь болж 12 настай охиныг шатрын тэмцээнд оролцохыг хориглосон талаар тодруулахыг тэмцээн зохион байгуулагчдаас  Малайзын улс төрчид шаарджээ.

Охины дасгалжуулагч ярихдаа “Охины өмссөн өвдөгнөөс дээгүүр татсан богино хувцас нь “бусдыг хэт уруу татсан” байна хэмээн албаны хүн хэлсэн" гэлээ.

Уг хэрэг явдлын талаар дасгалжуулагчийн бичсэн фэйсбүүкийн нийтлэлийг олон хүн цааш нь түгээж, үүнийг уншсан хүмүүс ихэд бухимдаж байгаа аж. 

Малайзын Шатрын холбоо уг хэргийг шалгаж байгаа тухай орон нутгийн хэвлэлд бичжээ.
 
Куала-Лумпур хотоос өмнө зүгт орших Путражаяа хотод өнгөрсөн сард болсон  Үндэсний шатрын аварга шалгаруулах тэмцээнд дээрх охин оролцож байжээ.

Түүний дасгалжуулагч Каушал Кандхар ил захидлаараа Малайзын шатар сонирхогчдод хандсан нь удалгүй орон даяар тарж дэлхий нийтэд хүрсэн байна. 

Малайзын "Стар" сонинд мэдээлснээр Үндэсний Шударга ёсны намаас парламентын гишүүнээр сонгогдсон Зурайда Камаруддин одоо болтол хариу мэдэгдэл  хийхгүй байгаа зохион байгуулагчдыг шүүмжиллээ.

Дасгалжуулагч Кандхар сандарч мэгдсэн охины царайг гаргалгүй түүний өмссөн хувцасны зургийг фейсбүүкт тавьжээ.

Дэлхийн Шатрын холбооны дүрэмд "тэмцээнд оролцогч нь “хувцаслалтын өндөр шаардлага”-ыг хангах ёстой" гэж заасан байдаг боловч энэ нь чухам ямар утгатай болох нь тодорхойгүй аж.

Ноён Кандхар тэмцээнийг зохион байгуулагчдад хандан "мягмар гараг гэхэд олон нийтийн өмнө уучлал гуйх"-ыг шаардсан бөгөөд байгаа бөгөөд уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандах болно гэж мэдэгджээ. 
Х.Сарнай 


 


Связанные новости