“Фэйсбүүк” компани дүрс бичлэгүүдийг хянуулахаар 3000 хүнийг хөлсөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-04 15:21:50
МЕНЛО-ПАРК. /VOA/. Америкийн “Фэйсбүүк” компани үзэн ядсан агуулгатай болон бусдад муу үлгэр дууриал үзүүлэхээр үг хэллэг ба дүрс бичлэг цацагдаж байгааг таслан зогсоож, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд 3000 хүнийг хөлслөн ажиллуулж байна.

“Бусдад муу үлгэр дууриалал үзүүлэх дүрс бичлэгүүдийг “Фэйсбүүк”-ээр шууд цацаж байгаа нь үнэхээр харамсалтай байна" гэж тус компанийн захирал Марк Цукерберг мэдэгдээд “бид асуудал дагуулж буй дүрс бичлэгүүдийг шуурхай илрүүлэн устгахын тулд 3000 хүнийг хөлслөн ажиллуулж байна” гэв.

Хүн амины, хүчингийн хэрэг үйлдэж байгаагаа болон амиа хорлож байгаагаа “Фэйсбүүк”-ээр шууд цацах тохиолдол гарах болсон энэ үед тус компани иймэрхүү хэрэг дахин давтагдахаас сэргийлэх үүднээс дээрх арга хэмжээг авч байгаа ажээ.

Дээрх 3000 хүн “Фэйсбүүк”-т одоо ажиллаж буй 4500 ажилтантай хамтран бусдад сөргөөр нөлөөлөх агуулга бүхий бичлэгүүдийг шуурхай илрүүлэн устгах ажлыг гүйцэтгэнэ.

Өнгөрсөн сард нэгэн этгээд хүний амь хөнөөж байгаагаа “Фэйсбүүк”-ээр шууд цацсан юм. Мөн үүний дараахан нэгэн таиланд эмэгтэй охиноо хөнөөж, дараа нь амиа хорлож байгаагаа “Фэйсбүүк”-ээр шууд цацсан билээ.

Г.Доржханд
 

 
Связанные новости