Бог болон бод малын нэмэлт вакцинжуулалт явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-12 16:32:49
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан суманд шүлхий өвчин гарч, тус сумдуудтай ойролцоо эрсдэл бүхий зүүн талын найман суманд ОХУ-д үйлдвэрлэсэн зургаан сарын дархлаатай вакцинаар вакцинжуулсан. Уг вакцины хугацаа дуусч байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн 12 сарын дархлаа тогтоох чадвартай вакцинаар нэмж вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн зүүн талын найман сумын 302 мянган толгой бог, бод малыг вакцинжуулж, вакцинжуулалтын явц 85.5 хувьтай байгаа ажээ.

Цаашид Төв аймгийн 4.7 сая малын 2.5 сая бог болон бод малыг шүлхий өвчний эсрэг вакцинаар вакцинжуулах бөгөөд зуравдугаар сарын 15 гэхэд дуусна гэж ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар хэлэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, одоогоор Баян, Баянцагаан, Баянжаргалан зэрэг сумдад вакцинжуулалтын ажил удаашралтай буюу 64,5-76,0 хувьтай явагдаж байна. Эдгээр сумдуудтай ХХААГ-ын Мал эмнэлгийн албанаас холбогдож шуурхай дуусгах талаар үүрэг даалгавар өгсөн гэв.
Т.Есүхэйтөмөр
Связанные новости