К.Роналду өөрийгөө гэм буруугүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД. /ВВС/. Португалын алдарт хөлбөмбөгчин, “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Роналду татвараас зайлсхийсэн хэргээр Испанийн шүүхэд шүүгдэж эхэлжээ.
К.Роналду даваа гарагт Мадрид хотод болсон шүүх хурлын үеэр мэдүүлэг өгсөн байна.
Испанийн татварын албаныхны үзэж буйгаар, тэрбээр 2011-2014 онд 14.7 сая евро буюу 17.4 сая долларын татвар төлөхөөс зайлсхийсэн бололтой. Прокурорууд түүнийг энэ оны зургадугаар сараас шалгаж эхэлсэн юм.
Шүүх хурлын дараа К.Роналду хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө “Испанийн татварынхан миний орлогыг тодорхой мэдэж байгаа. Би тэдэнд хөрөнгө орлогын мэдүүлгээ хэдийн өгсөн. Би юу ч нуугаагүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүгдийг тусгасан. Надад татвараас зайлсхийх санаа өчүүхэн төдий ч байхгүй” гэсэн байна.
К.Роналду нь Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн 2016 оны “Оны шилдэг тоглогч” юм. Тэрбээр “Форбс” сэтгүүлээс гаргадаг хамгийн өндөр ашиг орлоготой тамирчдын жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлээд байгаа билээ.
Татвараас зайлсхийсэн гэх энэ хэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол түүнд 3.6 жилийн хорих ял оноож болзошгүй.
Г.Доржханд