Дашинчилэн сумын малчид Өвөрхангай аймгийн сумдад оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-09 14:23:33
Булган /МОНЦАМЭ/. Энэ жил зуншлага тааруу, гантай байгаагаас мал махан тарга суугаагүй, бэлчээрийн хомсдолд орж байгаа учир мал өвөлжүүлэх, хаваржуулах нутаг, хадлан бэлтгэх газрыг аймгийн удирдлага одооноос зохицуулах шаардлагатай байна гэж Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр ярилаа.

Бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар бэлчээрийн 90 гаруй хувь талхлагдаж чанар нь доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж байгааг тогтоосон сумын нэг Дашинчилэн бөгөөд энэ жилийн хувьд гантай байгаагаас малчид өөр сум, аймгийн нутаг бэлчээрийг сонгон нүүдэллэжээ. Тус сумын 100 гаруй өрх 100 мянган малтайгаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын нутагт оторлож байна.

Сумын удирдлага отроор явж байгаа малчдаа эргэж, орон нутгийн удирдлагтай нь уулзаж, малаа түр нутаглуулах, хадлан бэлтгэх боломжийг судалж дэмжлэг үзүүлэх талаар ярилцжээ.
Хур бороо ороогүй, халгай хүртэл ургаагүй гантай нутагт мал өвөлжүүлэх боломж бага байгаа учраас өөр аймаг, суманд малаа онд оруулах талаар одооноос тохиролцож эхэлж байна.
М.Батжаргал
Связанные новости