“Оффшор”-чдод олгосон Ерөнхийлөгчийн 49 хоногийн хугацаа дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-11 10:26:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Харин энэхүү уриалгын 49 хоног өчигдөр буюу 2017 оны 9 дүгээр сар 10-ны өдрөөр дуусгавар болж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 14 хоногийн дараа улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргасан юм. Энэхүү уриалгад,

“Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд уужуу сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” гэсэн юм.

Хэрэв дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн Ерөнхийлөгч мэдэгдсэн.

Чухам ямар учраас 49 хоногийн хугацаа өгч буй тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга “Өмнө нь бидэнд Оффшорын хууль байгаагүй. Нэгэнт хууль байхгүй юм чинь гээд улстөрчид хөрөнгө мөнгөө тэр бүст хадгалж байсан байж болно. Хуульгүй байсан учраас тэдэнд хоног хугацаа өгч байгаа юм” хэмээн хариулж байв.
… Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана. 
(Ерөнхийлөгч Х.Баттулга. 8 дугаар сарын 2.
АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурортой хийсэн уулзалтаас)
 

Ерөнхийлөгчийн дээрх уриалгын дараахан буюу наймдугаар сарын 4-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Оффшор бүс дэх хууль бус хөрөнгийг татан авч ирэхэд олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандсан. Ингэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлж, эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхийг сануулав. Дээрх байгууллагууд нь 2012, 2016 онд манай улсад санал тавьж байсан ч одоог хүртэл гишүүнээр элсээгүй байсан юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлаар АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нартай уулзаж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх, нээлттэй хамтарч ажиллахыг сануулсан. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галттай уулзаж, оффшор бүсэд байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд тус улсаас тусламж хүссэн бөгөөд хатагтай Элчин сайд хариуд нь авлигатай тэмцэх болон Оффшор бүсэд байгаа хууль бус орлогыг нээн илрүүлэхэд Монгол Улсад туслахдаа таатай байхаа илэрхийлсэн.
 
“Оффшор”-ын хууль

Монгол Улсад өмнө нь Оффшор буюу татваргүй бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой эрх зүйн орчин буюу хуульгүй байсан. Харин Засгийн газраас энэхүү харилцааг хуульчилж, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх шаардлагатай гэж үзэн 2016 оны 10 дугаар сарын 7-нд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Уг хуульд Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд  байгуулахтай холбогдсон хориглолтыг зохицуулсан 7 заалт бүхий 1 зүйлийг нэмж тусган УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 4 дүгээр сар 13-ны өдөр баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаа “Оффшор”-той холбоотой харилцааг зохицуулсан хуультай болсон юм.

Энэ хуульд “Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно” хэмээн заасан. Мөн хуульд тусгасан хориглолтыг зөрчсөн нь тогтоогдвол албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болохоор хуульчилсан юм.

Хуулийн заалтыг сонирхуулбал:

/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай/ http://www.legalinfo.mn/law/details/397

        АЛБАН ТУШААЛТАНД ТАВИГДАХ ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
 
10 дүгээр зүйл.Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд  байгуулахтай холбогдсон хориглолт

10.1.Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно.

10.2.Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй.

10.3.Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

10.4.Энэ хуулийн 101.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигч албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол 3 сарын дотор дараахь арга хэмжээг авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ:
10.4.1.нээлгэсэн банкны дансаа хаалгах;
10.4.2.банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах;
10.4.3.хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах;
10.4.4.хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох.

101.5.Албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банканд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхөд энэ хуулийн 101.1 дэх хэсэг хамаарахгүй. Хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банканд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэнэ.

10.6.Энэ хуулийн 101.2, 101.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй.

10.7.Энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болно.



 

Оффшор бүсэд хамаарах
гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт

Дээрх хуульд, Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилсан. Энэ дагуу Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ны буюу сүүлийн хуралдаанаараа Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан юм.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан бөгөөд олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтоосон. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх Оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг Монгол Улсын төр хориглолоо. 

Ерөнхийлөгчийн зүгээс “оффшор”-чдод олгосон 49 хоногийн хугацаа ийнхүү дууслаа. Харин одоо дараагийн алхам нь хуулийн дагуу илрүүлэн илчилж, хариуцлага хүлээлгэх болж байна. 

Н.Гантуяа 
 
Связанные новости