Дэлхийн хамгийн өндөр настай хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-09-18 08:56:46
КИНГСТОН. /Шиньхуа/. Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Ямайкийн иргэн 117 насандаа өөд  болсон тухай тус улсын Ерөнхий сайд Эндрю Холнесс мэдэгдсэнийг Хятадын “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

Эндрю Холнесс өнгөрсөн бямба гарагт “Твиттер” хуудсандаа “Эх дэлхийнхээ хөрсөнд тайван нойрс доо, хатагтай Мосс-Браун!” гэж бичжээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, 1900 оны гуравдугаар сард төрсөн Мосс-Браун нь өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш нас барсан байна. Гахай, тахианы мах иддэггүй, согтууруулах ундаанаас хол байсан зэрэг нь түүнийг ийм урт наслахад нөлөөлсөн бололтой.

Мосс-Браун нас барснаар одоо Японы 117 настай иргэн Наби Тажима хэмээх хөгшин дэлхийн хамгийн өндөр настай хүн болж байна. Тэрбээр 1900 оны наймдугаар сард төрсөн бөгөөд Японы баруун нутгийн Кагошима мужид амьдардаг ажээ.
 
Г.Доржханд

Связанные новости