Гоо сайхны хагалгаа хийлгэснээс болж эх орон руугаа буцаж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-11 17:07:22
СӨҮЛ. /ВЕСТИ/. Өмнөд Солонгос улсад гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн Хятадын иргэн гурван эмэгтэй эх орон руугаа буцаж чадахгүй байна. Гоо сайхны хагалгаа хийлгэсний дараа бүсгүйчүүлийн хавдсан, боолттой нүүр царай нь гадаад паспорт дээрх зурагнаас нь ихээхэн ялгаатай байсан учир онгоцонд тэднийг суулгахаас татгалзжээ.

Мэдээллийн "Вести" хуудаст мэдээлснээр, жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр тохиодог БНХАУ байгуулагдсаны баярын өдрийн дараа үргэлжлэх “Алтан долоо хоног” гэгдэх олон нийтийн амралтын үеэр хятад бүсгүйчүүд Өмнөд Солонгост очиж гоо сайхны мэс ажилбар хийлгэх нь нийтлэг үзэгдэл болсон аж.  
 
Толгойндоо боолттой, хавдсан нүүртэй бүсгүйчүүдийг Өмнөд Солонгосын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд нисэх онгоцны буудалд саатуулжээ. Гадаад паспорт, онгоцны тасалбараа биедээ авч явсан зорчигчид өөрсдийх нь бичиг баримт мөн эсэхийг шалгагчдад нотолж чадаагүй учир гэртээ хэзээ харих нь тодорхойгүй байна. Гартаа паспортоо атгасан гурван бүсгүйн зураг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд олон хүний анхааралд өртөж, 51 мянган лайк авчээ. 
Э. Аянзаяа
Эх сурвалж: vesti.ru  
Связанные новости