Бүрэн дунд сургууль болгосон нь олон сайн талтай гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:05:59

Булган аймгийн Сайхан сумын сургуулийг 2015-2016 оны хичээлийн жилд суурь боловсролын сургуулиас бүрэн дунд боловсролын сургууль болгон өргөжүүлснийг өмнө нь мэдээлсэн. Ингэсэн нь олон давуу талтайг  Баян-Агт сумын сургуулийг Бүрэн дунд сургууль болгон өргөжүүлснээс харж болох ажээ.

2014-2015 оны хичээлийн жилд Баян-Агт сумын сургуулийг Бүрэн дунд сургууль болгон өргөжүүлсэн. Ингэснээр Баян–Агт сумын сургуулийн сурагчдын тоо өнгөрсөн хичээлийн жилтэй нь харьцуулахад 58 хүүхдээр буюу 17.9 хувиар нэмэгдсэн байна. Ахлах ангийн хүүхдүүдээ Булган сум, Эрдэнэт хотын сургуульд сургах гэж эцэг, эхчүүд жилдээ дунджаар 700.000-аас 1 сая төгрөгийн унаа, хоолны зардал гаргадаг байсан бол сумандаа сургах болсноор энэ зардлыг өрхийн хэрэгцээ, сум, сургуулийн хөгжилд зарцуулах нөхцөл бүрдэж, тэднийг даган шилждэг байсан дүү нар нь буцаж сумандаа ирж суралцах болсноор механик шилжилт хөдөлгөөн буурч, эцэг эхийн хараа хяналт сайжирсан эерэг үзүүлэлтүүд гарсан байна. 

Боловсролын үйлчилгээний эцсийн бүтээгдэхүүн бол 12-р анги төгсөж байгаа төгсөгчдийн чанар юм. Баян-Агт сумын сургуулийг 2014-2015 оны хичээлийн жилд нийт 12 хүүхэд төгсөж, улсын шалгалтаа амжилттай өгч, элсэлтийн ерөнхий шалгалтаар аймагт 3-р байранд орж, 100 хувь улсын их, дээд сургуулиудад элсэн орсон зэрэг нь Бүрэн дунд сургууль болсноор багш, сурагчид хамтран хичээж, хариуцлагаа өндөржүүлж ажилласны үр дүн гэж ойлгож болно.
Суралцагчдын тоо олширч, сургалтын чанар сайжирна гэдэг сумын хөгжлийн нэгэн томоохон дэвшил гэдгийг онцолж аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат Сайханчууддаа баяр хүргэж амжилт хүслээ.

П.Батням

Связанные новости
Комментарии