Их аварга Хакүхо М.Даваажаргал 14 дэх өдөр, 40 дэх түрүүгээ авах болзол хангалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Кюүшиү арлын Фүкүока хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 14 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Эндо-г давснаар 14 даваатай болж, 40 дэх түрүү буюу Японы Эзэн хааны цомыг 40 дэх удаагаа хүртэх болзлыг хангалаа.
Кюүшюү башёг тэргүүлэгч Их аварга Хакүхо М.Даваажаргалын араас хоёр унаатай нэхэж явсан Окиноүми, Хокүтофүжи нар энэ өдөр өрсөлдөгч нартаа унаснаар гурван унаатай болж, 14 дэх өдөр Кюүшюү башёгийн түрүү бөх ийнхүү тодорлоо.
Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдааны нэгд, мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа буюу Макүүчид ороод удаагүй ч маш амжилттай барилдаж байгаа Хокүтофүжи, Оношо нарын Японы найдвар болж буй залуу бөхчүүдийн барилдаан байв. Тус халз барилдаанд хоёр унаатай явсан Хокүтофүжи-г Оношо давсан юм.
Өнөөдөр озэки Гойэдо, Такарафүжитэй барилдаж давснаар есөн даваа, дөрвөн унаатай болов. Озэки Гойэдо маргааш Их аварга Хакүхо М.Даваажаргалтай барилдана.
Энэ өдөр манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Ёшиказе-г, Тамаваши, Окиноүми-г тус тус давж 10 даваа, дөрвөн унаатай болов. Харин Араваши Э.Дөлгөөн Митакеми-д унаснаар найман даваа, зургаан унаатай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан, Такакеши-д унаж, долоон даваа, долоон унаатай болсноор маргааш давж байж 50 хувийн амжилтаа хийх ганц боломж үлдлээ.
Дашрамд сонирхуулахад, Их аварга Хакүхо М.Даваажаргал Их аварга /Ёкозүна/ цолтой 62 башё барилдсан бол мэргэжлийн сумо бөхөд барилдсанаас хойш өнөөдөр 1062 дахь даваагаа авч байгаа аж.
Д.Өлзий