P.Содхүү: Улсын бүртгэлийн мэдээллийн санд 94 сая нотлох баримттай мэдээлэл бүрдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-25 11:26:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Тодруулбал Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Уг хуулийн төслийг байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "1997 онд анх бүртгэлийн байгууллага байгуулагдсан. Энэ хуулийн өөрчлөлтийг 3 дахиа хийж хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулаад байна. Нотиаратын асуудал өөр. Хэдийгээр цахим орчинд хурдацтай нэвтэрч байгаа ч цаасан бүртгэл цаашдаа байхаас өөр аргагүй. Цахим орчинд халдлага болвол осолтой эд. Бүртгэхдээ хар бэхээр гараар бичдэг улс орнуудын туршлага байдаг. Тэгээд асуудал үүсвэл гар бичмэлийг шүүх нэхдэг юм билээ" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, иргэн лавлагаа бүртгэл авах гэж заавал Иргэний бүртгэлийн газар руу явах нь хүндрэлтэй байдаг, нотариачдын ажиллагааг багасгах шаардлагатай гэсэн байр суурь хэлэхэд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр "Бүртгэлээс 177 мянган лавлагаа олгосон байгаа юм. Энэ хуулийн төслөөр мэдээллийг онлайнаар өгдөг болно. Таван төрлийн бичиг баримтыг иргэдээс нэхдэгийг болино. Үүнд төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэх багтана. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 156 хорооноос 120 хорооны бүртгэлийн байгууллага онлайнд шилжсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Иргэн хуулийн этгээд 100 хувь цахим систем рүү шилжих хэрэгтэй. Манайд нотиаратаар гэрчлүүлдэг бүдүүлэг тогтолцоотой" гэхэд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр "Бүртгэлийн үйл ажиллагаа мэдээллийг хэн үнэн зөв мэдээлэл өгч, баталгаа болох вэ гэдэг чухал асуудал. Герман зэрэг орнууд газар өмчлөл, бүртгэлээр 200-300 жилийн туршлагатай. Энэ ч утгаараа бүртгэл, мэдээлэл нь онцлогтой. Гэрээ хэлцэлийн олон жилийн туршлагатай хүмүүс оролцдог. Манай улсын хувьд орон сууцны бүртгэл 22, газар өмчлөлийн бүртгэл 15 жилийн туршлагатай. Үүнийг одоо цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор энэ хуулийг оруулж ирж байна. Өнөөдөр бүртгэлийн үйл ажиллагааны 70 гаруй хувь нь онлайнд шилжсэн. Нотариатаас гадна бусад чиглэлээр бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, залилан мэхлэх үйл ажиллагаа хийх нь гадаад оронд гарч байсан юм билээ. Тиймээс бүртгэлийг цаасан болон дижиталаар давхар явуулна" гэлээ.

Төсөл санаачлагчдын хэлж буйгаар Улсын бүртгэлтэй холбоотой хуулийн төслийг шинэчилснээр бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг маш хөнгөн шуурхай болгох, дөрвөн төрлийн бүртгэлээс  өөр бусдыг Засаг захиргааны нэгжийн харьяалалгүйгээр бүртгэдэг болох зэрэг олон өөрчлөлт гарах аж. Эдийн засгийн суурь агуулгаараа газар ба газар дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг болох бөгөөд Үл хөдлөхийн бүртгэлийн асуудалтай холбоотой гардаг бэрхшээл асуудлыг цэгцэлж, онлайн хэлбэрт оруулна. Үл хөдлөхийн лавлагаа авч ирэхийг шаарддаг байсан бол онлайнаар харах боломжтой болох аж. 

Бүртгэлийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн талаар ОӨУБЕГ-ын дарга P.Содхүү "Монгол Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хамгийн том сан болж чадсан. 94 сая их нотлох баримтыг агуулсан 60мб-ийн багтаамжтай, 67 сервертэй, Эд хөрөнгийн, Иргэний, Улсын бүртгэлийн мэдээллийн сан нэгдэж чадсан. Төрсний гэрчилгээ, лавлагаа гэх мэт бүх мэдээлэл энэ сангаас гадуур байгаа ТҮЦ машинаар гарч байгаа. Гараар өгдөг байсан лавлагааг 40 хувь бууруулж чадсан. Харин одоо бол харилцан мэдээлэл солилцох боломжийг шинэчлэх шаардлагатай" гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 
Н.Гантуяа 
Связанные новости