ТОЙМ: “Хар жагсаалт”-аас гаргаж, зээлжих зэрэглэл нэмсэн нь эдийн засгийн өсөлтийг бататгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-28 16:56:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 он гарснаас хойших 20 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн шатахуун, түлшний нийлүүлэлтийн хомсдол, жижиглэнгийн үнийн нэмэгдэл зэрэг иргэдийг бухимдуулсан асуудлыг цэгцлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт гаргав. Мөн Европын холбооны “хар жагсаалт”-аас Монгол Улсыг гаргаж, "Мүүдиз" агентлаг зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн, ОУВС-гийнхан манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн явцыг дүгнэх, татварын асуудлыг эргэн ярилцахаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн зэрэг хэд хэдэн чухал үйл явдал өнгөрөгч долоо хоногт боллоо. Энэ мэт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 
ЗАРИМ АВТОБЕНЗИНЫ ТАТВАРЫГ ТЭГЛЭСЭН Ч
ТҮЛШИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

ОУВС-тай хийсэн тохиролцсоны дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Үүнээс болж зарим шатахууны үнэд өөрчлөлт орж, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд худалдаандаа хязгаарлалт хийснээр нийгэмд багагүй бухимдал үүсээд байсан юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч байгаа энэ үед Онцгой албан татварыг хэвээр үлдээвэл шатахууны үнэ 240-300 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүсээд байсан.

Гэвч Засгийн газар шатахууны үнэнд ногдуулсан Онцгой албан татвараа эргэн харж, хоёр төрөлд нь татвараа тэглэх шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргалаа. Учир нь, ОУВС-тай хөтөлбөр тохиролцож байх үед буюу өнгөрөгч оны хавар олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 40 орчим ам.доллар байж. Харин хөтөлбөр баталсны дараа буюу 2017 оны долдугаар сараас эхлэн үнэ нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 65 ам.долларт хүрээд байна. Эдийн засгийн төлвөөс харахад ойрын саруудад 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. Олон улсын зах зээлийн үнэ 50 гаруй хувиар нэмэгдсэн байхад Онцгой албан татварыг өсгөх нь шатахууны жижиглэнгийн үнийг литр тутамд нь 240-300 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсгээд буйг импортлогчид хэлж байсан. Үүний 100 төгрөг нь дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэл, 200 төгрөг нь цэвэр татварын нэмэгдлээс шалтгаалж байгаа хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлж байв. Тиймээс нөхцөл байдалд уялдуулан татварын бодлогоо уян хатан зохицуулах ёстой хэмээж байсан.

Засгийн газар ч эдгээр нөхцөлийг харгалзан үзэж, өнөөдрийн олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж өргөн хэрэглээний А80, АИ92 автобензины Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Ингэснээр гадуур бий болоод байгаа шатахууны хомсдол арилж, үнэ хөөрөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн. А80, АИ92 нь суурь үнээ хөдөлгөх эрсдэлтэй учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлүүлэхээс сэргийлж татварыг тэглэсэн бол дизелийн түлш, евро стандартын АИ-95, АИ-98 шатахууны Онцгой албан татварыг хэвээр үлдээж, зах зээлийн зарчмаараа зохицуулагдах ёстой гэж үзсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм. Мөн А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхөлтөөр гаргаж авахаар тооцсон аж.

Засгийн газраас онцгой албан татварыг тэглэх шийд ийн гарсны дараа УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нэр бүхий УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад хандан тавьсан шатахууны нийлүүлэлт, хомсдолын шалтгаан, түүнтэй холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөөцийн талаар асуулгад хариулсан. Энэ үеэр өгсөн мэдээлэлд дурдсанаар, улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 60, Аи-92 болон Аи-95 автобензин 41, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байгаа аж. Гэтэл Засгийн газрын татвар тэглэх шийдвэр гарснаас хойш хомсдол, ачаалал буурахгүй байгаа нь нефть импортлогчид өндөр үнээр шатахуунаа зарах гэсэн хүсэлтэй байгаагийн илэрхийлэл хэмээн гишүүд шүүмжилж байлаа. 
Монгол Улсын Гаалийн ерөнхий газар “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар'-ын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг пүрэв гарагаас эхлэн мөрдөж, А80, АИ92 татвар ногдуулахгүй оруулж байна. 


НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН
БАЙГУУЛАЛТЫГ ЭНЭ ХАВАР ЭХЛҮҮЛНЭ

Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарах, үнийн савлагаанд өртөхөөс сэргийлэх зэрэг одоогийн нөхцөл байдлыг шийдвэрлэх ганц гарц нь дотооддоо Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах юм. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлах үеэрээ анх нээсэн. Тэрбээр тус улсаас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 20 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй олгож, зээлийн эхний таван жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөхөө мэдэгдэж байв. Монгол Улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах санал гаргасныг Энэтхэгийн тал зөвшөөрсөн юм.

Одоогийн байдлаар Энэтхэгийн “Engineers India Limited” компани боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөж байгаа. Харин өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Сайншандаас 20 км зайтай Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон байна. Боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНЭУ-аас олгох зээлээр 100 хувь санхүүжүүлэх бол Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг хариуцах болж буй юм. Энэ хүрээнд боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын авто зам, эрчим хүч дамжуулах шугамын ажлыг хийхээр шийдвэрлэж, УБТЗ, БХЯ, ЦДС ТӨК хариуцан, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчлах боллоо.

Газар гэсмэгч буюу энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх явц бүрт онцгойлон анхаарал тавьж ажиллана гэдгээ мөн мэдэгдэв. Тэрбээр "Бид өөрсдөө газрын тосны асар их баялагтай улс. Тиймээс бид өөрсдөө боловсруулж, дотоодынхоо хэрэгцээг ханган, доллараар биш төгрөгөөр худалдан авдаг болох ёстой. Төслүүд дээр хэн нэгнийг бусармаг нөлөөлөл үзүүлэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана. МХЕГ хэвтээ хяналтын тогтолцоогоор төслийн гүйцэтгэлийн бүхий л үед хяналт тавьж ажиллана" хэмээсэн.

Газрын тосны үйлдвэр барих төсөлтэй холбоотой бүх судалгааны ажлыг Энэтхэгийн “Engineers India Limited” компани хийж гүйцэтгээд байгаа бол “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК энэ төслийг хариуцан хэрэгжүүлэх юм. Энэтхэгээс олгох 1 тэрбум ам.долларын зээлийн 700 сая ам.долларыг боловсруулах үйлдвэрт, 264 сая ам.долларыг газрын тос дамжуулах хоолой барихад олгох аж.
 
Монголын газрын тос боловсруулах анхны үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тосыг боловсруулах хүчин чадалтай, жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэхээр төлөвлөгдөж байна. Одоогоор Монгол Улс нь боловсруулаагүй газрын тосоо Хятад улс руу экспортолж байгаа бол шатахуунаа ОХУ-аас импортолж байгаа. Монгол Улсын шатахууны жилийн хэрэгцээ 1.2 сая тонн бөгөөд үүнд 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Хэрэв тус үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар 1.2 тэрбум ам.доллар дотоодын зах зээлд үлдэж, ДНБ 10 хувиар нэмэгдэх боломжтой хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа юм. Боловсруулах үйлдвэрийг дагаад химийн үйлдвэр болон олон жижиг үйлдвэрүүд хөгжиж, олон мянган ажлын байр нэмэгдэнэ. 

Иргэдийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил удааширч, хугацаандаа ашиглалтад орж чадахгүй, эсвэл баригдахгүй байх магадлалтай хэмээн эргэлзэж байгаа. Харин үүнд Ерөнхий сайдын зүгээс өгсөн хариултад “Энэ Засгийн газрын хамгийн том ажил Газрын тос боловсруулах үйлдвэр гэж бодож байна. 2022 онд ашиглалтад оруулахын төлөө энэ хавар ажлыг нь эхлүүлнэ. Хэрэгжилтийн бүх үйл явцад биечлэн хяналт тавина” гэж мэдэгдсэн бол БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Суриш Бабу “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил урагштай, цаг хугацаандаа явж байгаа. Бид энэ ажлыг төлөвлөсөн цаг хугацаандаа дуусгана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.


 
"ХАР ЖАГСААЛТ"-ААС ГАРСНААР БҮХ ЗҮЙЛ ЦЭГЦЭРЧИХЛЭЭ ГЭСЭН ҮГ БИШ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-д Монгол Улсыг бусад 16 орны хамт оруулсан байсан юм. Уг жагсаалтад оруулсан шалтгаан нь, Монгол Улс ЕХ болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) санаачилсан “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг хөтөлбөрт тус тус нэгдэх, зарим олон талт хэлэлцээрт нэгдэн орох, банк санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийг зөвхөн татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг ажлуудыг 2019 оныг дуустал хийх үүрэг хүлээсэн. Энэ талаар тусгасан ЕХ-ны албан бичигт холбогдох байгууллагаас “бэлтгэл ажил хараахан дуусаагүй байна” гэх утга бүхий хариулт явуулснаас үүдэн ЕХ-ны зүгээс манай орныг татварын асуудлаар “Хамтран ажиллах хүсэл, эрмэлзэл дутуу байна” гэж үзэн “хар жагсаалт"-д оруулсан хэмээн уг жагсаалтаас гарах асуудлыг хариуцахаар томилогдсон Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдаж байсан юм.

Монгол Улс 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа ЕХ-г "Гуравдагч хөрш" хэмээн тунхагласан. Иймээс ЕХ, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт хөгжүүлж ирсэн бөгөөд ЕХ-ны арав гаруй улсад манай Элчин сайдын яам ажиллаж, Улаанбаатар хотод ЕХ-ны Элчин сайдын яам өнгөрөгч онд нээгдсэн. ЕХ-ны орнуудаас сүүлийн 20 гаруй жилд Монголд 5.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан статистик тоо байдаг бөгөөд эдгээрт “Рио Тинто”-гийн “Оюутолгой’’-д хийсэн хөрөнгө оруулалт, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны шугамаар олгосон зээл багтдаг аж.

Европын холбоотой сайн харилцаагаа хадгалж, банк, татварын системд үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх, засч залруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж, татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилон, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллаж, ЕХ-ны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон ЕХ-ны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээж, ЕХ-ны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан.

Энэ бүх ажиллагааны дүнд энэ сарын 23 буюу өнгөрөгч мягмар гарагт Брюссель хотноо хуралдсан ЕХ-ны Сангийн сайд нарын Зөвлөлийн хурлаар “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Ингэнсээр  Монгол Улсын чухал “Гуравдагч хөрш” ЕХ-той болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо. Татварын орчинг хаасан “хар жагсаалт”-аас гарснаар, Монгол Улс Европын холбоо болон зах зээлийн эдийн засгийн хууль дүрмийг дагадаг, өндөр хөгжсөн орнуудын стандарт, журмыг авч ашигладаг гэдгийг илэрхийлсэн таатай үйл явц болж байна гэж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлж байв.

Гэхдээ жагсаалтаас гараад бүх зүйл цэгцэрчихлээ гэсэн үг биш гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байсан юм. Тэрбээр “Бидний хувьд татварын орчноо олон улсын стандартад нийцүүлэх, ил тод, нээлттэй болох чиглэлийн эрх зүйн орчноо шинэчлэх, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэн, ажилтан сургах зэрэг олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай байгаа” хэмээсэн.

Үүний өмнө Монгол Улсын эдийн засгийн эерэг үр дүнд бататгасан нэгэн үйл явдал болсон нь “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг CAA1 буюу хамгийн доод зэрэглэлээс өсгөж, B3 болгосноо зарлалаа. Тус агентлаг, өнгөрөгч оны эцсээр Монгол Улс бондоо эргүүлэн төлөх, төсвийн алдагдлыг бууруулах зэрэг оновчтой арга хэмжээ авч, улмаар эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс  гэнэтийн ашиг хүртэж эдийн засгаа тэлэх тохиргоонууд хийж чадсан, цаашлаад Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг санхүүгийн тогтворгүй байдлыг бууруулахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн зэргийг үндэслэн зээлжих зэрэглэлийг ийн өсгөсөн байна. Гэхдээ түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэлтэй савлалтыг арилгахад үр нөлөөтэй байж болох ч зээл төлөх чадвар болон гадаад өрийн дарамт хэвээр үлдэж болзошгүй хэмээн анхааруулжээ.

2012 оноос хойш Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Мүүдиз” агентлаг таван шатлал унагаж, хамгийн доод ангилал буюу С зэрэглэлд очсон. Харин одоо В зэрэглэлд орсон нь манай улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засгийн өсөлт, валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн алдагдал буурч, сахилга бат сайжирч байгаагийн илрэл. Эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлогууд ойлгомжтой тодорхой болж байгаатай холбоотой юм.Зээлжих зэрэглэлийг сайжруулснаар Монгол Улсад зээл олгох сонирхолтой улс орнууд нэмэгдэж, хүү багатай буюу нэг оронтой тоонд багтах хүүтэй зээл авах боломжтой болох юм.


 
ДАВОС-ЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ОРОЛЦОВ

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо өнгөрөгч долоо хоногт Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалт “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн боллоо. Давосын чуулга уулзалтыг энэ жил БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нээж үг хэлсэн бөгөөд Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Юнкер, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Бразилийн Ерөнхийлөгч М.Темер, Швейцарийн Ерөнхийлөгч А.Берсэ, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ж.Ким, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, “J.P. Morgan”-ы гүйцэтгэх захирал Жэймс Даймон, “Голдман сакс” группын гүйцэтгэх захирал Ллойд Бланкфейн зэрэг дэлхийн улс орны удирдагч, банк санхүү, бизнесийн байгууллагын тэргүүн, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэд, шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 3000 орчим зочид, төлөөлөгч оролцов.

Дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцээ хийдэг тус уулзалтад өмнөх жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцдог байсан. Харин энэ удаагийн уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар улсаа төлөөлөн оролцлоо. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ үеэр “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Нэг бүс-нэг зам” сэдэвт уулзалтад илтгэгчээр, “Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь”, “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралдаануудын хэлэлцүүлгийн оролцогчоор оролцов. Мөн Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд шейх Мохамед Бин Абдулрахман Аль-Тани, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнасио Кассис, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, Энэтхэгийн Парламентын гишүүн Камал Нат, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штейнер нартай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДЭЗЧУ-ын үеэр “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр санал гаргасан бөгөөд ОХУ-ын Шадар сайд энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзалт хийхээр тохиролцсон байна.
 


М.ЭНХБОЛД: ВЬЕТНАМААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГЭЭГҮЙ

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч долоо хоногт БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулганд оролцож, БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхан, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг болон Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзсан юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалах, аливаа маргаантай асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээний шугамаар шийдэх ёстой гэсэн байр суурийг баримтлахад санал нэгдсэн юм. Мөн Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах болж, Монголоос ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийдэх болсон.

Айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Монголд Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг илгээн ажиллуулах санал тавьсан талаар албан мэдээнд дурдагдсан. Харин уг мэдээллийг мушгин гуйвуулж, Вьетнамаас ажиллах хүч авах гэж буй мэт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан юм. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Вьетнам Улсад хийсэн албан айлчлал амжилттай сайн болсон. Айлчлалын үеэр яригдаагүй зарим асуудлыг залруулах нь зөв гэж үзлээ. Тухайлбал Вьетнам Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол орон Вьетнам Улсаас ажиллах хүч авах талаар ямар нэгэн яриа хэлэлцээр хийгдээгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна. Ташаа мэдээлэл зохион байгуулалттай тарааж буй нэр бүхий хаягууд мэдээллээ залруулахыг хүсье” хэмээн мэдэгдсэн юм.


ОЮУТОЛГОЙ-Н ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХАМТАРСАН
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ БОЛОВ

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак өнгөрөгч долоо хоногт Улаанбаатарт хүрэлцэн ирж ажилласан нь “Оюутолгой”-н татварын асуудал хөндөгдөөд байсан энэ үед онцлох үйл явдал болов. Түүнийг Улаанбаатарт ажиллах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан бөгөөд хөрөнгө оруулагч талуудын хувьд Оюутолгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тодотгосон юм. Мөн төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах, Тавантолгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт хийх, нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх, төмөр зам барих ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлсэн. “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хариуд нь, Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, бүрэн дэмжиж байна гээд цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, дээрх асуудлуудыг ажил хэрэг болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Харин уг саналыг Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хүлээн авч биелүүлэхээ илэрхийлснээр хувь нийлүүлэгдчийн хамтарсан ажлын хэсгэ байгуулагдах болж байна.

Ноён Жан Себастъяан Жак Улаанбаатарт ажиллах үеэрээ “Рио Тинто” группын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрыг нээж, “Рио Тинто” группын нийт төслүүдээс Аюулгүй ажиллагаагаар шалгарсан “Оюутолгой” ХХК-д дээд шагналыг гардуулан, Монголын голлох хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулсан юм.

Түүний өгсөн хариултуудаас онцолбол,
  • Бид Монгол Улстай урт хугацаанд ажиллах сонирхолтой байгаа. Бидний сонирхол хамтын ажиллагаа түншлэл “Оюутолгой”-гоор хязгаарлагдахгүй, хайгуулын боломж бололцоог эрэлхийлж байна”,
  • Оюутолгой төслийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр гэхээр татвар хураамж, байгалийн нөөц, бүтээгдэхүүний экспортоор хэмжих нь өрөөсгөл юм. 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын татвар төлсний зэрэгцээ  уг төсөл дээр 14 мянган хүн ажиллаж буйгаас гадна худалдан авалтын мөнгөн дүнг нэрлэж болно. Үүний цаана байгаа эдийн засгийн эргэлт, ханган нийлүүлэгчдийн бий болгож буй ажлын байр гээд дам нөлөөнүүдийг ярих нь зөв байх. Өмнө нь "Оюутолгой" 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтад 5 тэрбум ам. доллар зарцуулсан. Барилга бүтээн байгуулалтын ажил эхлээд 5 жил болж байна. Уурхайн бүрэн хүчин чадлыг эзэмшихийн тулд 7 жил шаардана. Тэгэхээр нийгмийн үр нөлөөг хэлэх нь зүйтэй”,
  • Өнөөдөр та бүхний өмнөөс би харж суугаад хэдэн онд ногдол ашиг хуваарилж өгнө гэж хэлэх боломжгүй. Энэ нь зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна. Нөгөөтэйгүүр “Оюутолгой” хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Монгол Улсад өнөөдөр эл төсөл шууд болон шууд бус утгаар өгөөжөө өгч байгааг дахин хэлье.  Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. “Оюутолгой”-г дэлхийн хэмжээний уурхай болгосны дараа хувь нийлүүлэгчид өгөөж өгөх асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу”,
  • Татварын актын тухайд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад гардаг л асуудал гэж дүгнэж байна. Монголын ТЕГ-ын актыг 10 хоногийн өмнө бид хүлээж авсан. Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд Монголын Засгийн газар болон Татварын байгууллагатай ойлголтоо нэгтгэх  уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээсэн хариултууд өгсөн юм. /ярилцлагын дэлгэрэнгүйг дараах холбоосоос уншина уу http://www.montsame.mn/read/78901/
 

ОУВС-ГИЙН УУЛЗАЛТ БА ХҮЛЭЭЛТ

ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт манай улсад хүрэлцэн ирж пүрэв гарагаас уулзалтаа эхлүүлээд байна. Тэд 14 хоногийн турш ажиллаж, Монгол Улсын Засгийн газар "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаны гурав дахь шатны үнэлгээг хийх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм.
Засгийн газрын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш  эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж дүгнэж байгаа. 
ОУВС-гийн төлөөлөгчидтэй хийх уулзалтаар татварын асуудлаар ярилцаж шийдэлд хүрнэ хэмээх хүлээлт үүсээд байгаа юм. Тухайлбал ХХОА шаталсан татвар, хүүхдийн мөнгөний олголт, Учир нь иргэдийн зүгээс цалин тэтгэврийг нэмэгдүүлээгүй хэрнээ татварын хэмжээг нэмснийг сүүлийн саруудад эрс эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж буй. Тиймээс татварын нэмэгдүүлийг эргэн харах, хэрхэн уян хатан шийдвэрлэх боломжийн талаар Засгийн газар ОУВС-нд санал тавьж, хэлцэл хийхээр зэхэж байгаа юм. Хэлцэл ирэх долоо хоногт мөн үргэлжилнэ. 


УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ
ЗАСГИЙН ГАЗАРТ БУЦААВ

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-нд буюу жил гаруй хугацааны өмнө Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл болох
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.
Улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны эрхзүйн орчныг бүрэн шинэчлэх уг хуулиудыг өнгөрөгч долоо хоногт УИХ хэлэлцэж эхэлсэн. Уг багц хуулийн төслийг байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхгүй гишүүдийн олонх дэмжээгүй тул Засгийн газарт буцаах боллоо. Ингэснээр Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх боломжгүй болж, хэлэлцүүлгийг давхар хойшлуулаад байна.

Хэрэв Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчилбэл, Улсын бүртгэлийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж, иргэд төрөөс шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авдаг болох, улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх, хуулиар хориглосон буюу хязгаарласнаас бусад мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, үүнийг дагаад улсын бүртгэлийн байгууллагад хандаж цахим хэлбэрээр мэдээлэл, лавлагаа авах иргэн, хуулийн этгээдийн тоо өсөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг эдийн засгийн гэмт хэргийн гаралт багасах зэрэг олон талын ач холбогдолтой аж. Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр гурван жилийн хугацаанд нийт 177 мянга гаруй хуулбар, лавлагааг авсан байна. Тэгвэл хуулийн төслийг баталснаар дээрх хуулбар, лавлагааг дугаарлан дараалалд зогсож авах бус цахим хэлбэрээр онлайнаар авдаг болох боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж байгаа. Ингэснээр төрийн байгууллагын ачааллыг бууруулахын зэрэгцээ улсын төсвийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний цахим машины лавлагаанд зориулж жилд 1070000 ширхэг үнэт цаас хэвлүүлж, үйлчилгээний хөлсний хэмжээг 1000 төгрөгөөр тооцон лавлагаа, мэдээллийг олгодог бөгөөд нийт 1 тэрбум 70 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Гэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс бүртгэлийг цахим болон цаасан хэлбэрээр хослуулан авч явахаар төсөлд тусгасан байв.

АН “СҮҮДРИЙН” ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЖ,
ЖАГСААЛ ХИЙХЭЭ МЭДЭГДЭВ

Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан нам “сүүдрийн” Засгийн газар байгуулж байгаагаа мэдэгдэв. Тодруулбал тус нам яамдын чиг үүргийн дагуу ажиллах 16 Бодлогын зөвлөлийг байгуулж, дарга нарыг нь батламжилсан юм. Эдгээр зөвлөлийг тус намын дарга  С.Эрдэнэ ахалж, дэд даргаар Ц.Туваан, нарийн бичгийн даргаар Э.Одбаяр нар ажиллах бол бүрэлдэхүүнд нь бодлогын зөвлөлүүдийн дарга нар багтаж байгаа аж. Улмаар улс орны нийгэм, эдийн засаг, хөгжлийн ойрын, дунд, урт хугацааны стратегийг тодорхойлж, АН-ын бодлогын байр суурийг илэрхийлэхүйц үйл ажиллагаа явуулна гэдгийг тус намын удирдлагууд мэдэгдэж байв.
Мөн хоёрдугаар сарын 1 буюу ирэх пүрэв гарагт орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Тус нам болон УИХ дахь намын бүлгээс нь Ерөнхий сайдад хандан татварын нэмэгдлүүдийг цуцлах болон бусад асуудлаар шаардлага өгсөн ч хариу ирүүлээгүй тул ийм тэмцэлд хүрч байгаа гэлээ.
*******

Өнгөрөгч долоо хоногт Монголын улс төр, эдийн засгийн орчинд өрнөсөн үйл явдлуудаас онцлоход ийм байна. Харин ирэх долоо хоногийн хувьд ОУВС-гийн уулзалт үргэлжилж, татварын талаарх хүсэлтийг хүлээн авах эсэх шийдэл гарах бөгөөд АН-аас орон даяар жагсаал зохион байгуулах зэрэг олон үйл явдал хүлээж байна. 

Н.Гантуяа
 
Связанные новости