Цусны донорын эгнээг өргөтгөх аяныг хоёр сарын хугацаанд явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-02 14:42:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо /НАМОХ/, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Биднээс хамаарна” донорын аяны нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болов.

Тус аяныг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ үеэр хэлсэн үгэндээ, “Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар хоёр жилийн өмнө өргөн барьсныг УИХ-аас өнгөрсөн сард баталлаа. Уг хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын нэр хүндийг нийгэмд өргөх, тэднийг алдаршуулах зорилгоор аяныг зохион байгуулахаар болсон” гэв. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн, Цус судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр болон шинээр  донор болж уг аянд нэгдэхээр ирсэн их дээд сургуулийн оюутан залуус, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. 

Хамгийн залуу донороор шалгарсан, 23 настай Э.Бямбажаваас энэ үеэр сэтгэгдлийг нь сонссон. Тэрбээр, "Би анх 17 насандаа цусаа өгч байлаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ 46 удаа цусаа өгчээ. Нэг удаадаа дунджаар 350 грамм цус өгдөг. Анх төрөхийн хүндэрлээр зовж шаналж байгаа ээжүүдийг цөөнгүй байдгийг олж мэдээд цусаа өгөхөөр шийдсэн. Энэ аяныг зохиож байгаа НАМОХ, ЦССҮТ-ийн хамт олондоо баярлалаа. Залуучууддаа хандаж хэлэхэд, бусдын амь насыг аврахын тулд өөрийн хийж чадах бүхнээ хийгээрэй. Цусаа өгөөрэй” хэмээн уриалсан юм.

Цус сэлбэлтийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар, хоёрдугаар сард хамгийн их цусны нөөц багасдаг болохыг тогтоожээ. Иймээс уг аяныг өнөөдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл зохион байгуулахаар болсон байна. Аянд хэн  ч сайн дураараа нэгдэж болох ба долоо хоног бүрийн мягмар гараг бүрт ЦССҮТ-д очиж цусаа өгөх боломжтой. 
Д.Сарантуяа 
Связанные новости