Дэд бүтэц муу, сулхан үйлчилгээний салбар хөгжилд саад болж буйд санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-28 17:38:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийг түргэтгэх хөшүүрэг юу вэ гэдэгт аймгуудын удирдлагууд анхаарч байна.Тэгвэл өнөөдөр Говь-Алтай аймагт хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гарцыг тодорхойлох “Хөгжлийн форум-2018” чуулга уулзалт Чингис зочид буудлын хурлын танхимд өрнөв.

Хоёр дахь жилдээ болж буй тус арга хэмжээгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг онцоллоо.

“Хөгжлийн форум-2018” чуулган нь энэ удаад барилга, бүтээн байгуулалт, уул уурхай гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, өнгөрсөн онд орон нутагт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг танилцуулав.

Нийслэлээс 1000 гаруй км алслагдмал орших Говь-Алтай аймгийн хувьд эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуй юм. Тэгвэл хэлэлцүүлэгт оролцогсод тус аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбар бол аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй гэдэгт санал нэгдэв.

Уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдээс дурдвал Таяннуурын төмрийн хүдрийн орд бөгөөд  “Алтайн хүдэр” компани энд үйл ажиллагаа явуулдаг. Харин  хайгуул болон ашиглалтын лиценз олгосон тоон үзүүлэлтээр тус аймаг улсын хэмжээнд эхний тавд ордог байна. Тус аймагт аялал жуулчлал хөгжих өргөн нөөц, боломжтой хэдий ч дэд бүтэц, үйлчилгээний салбар сул хөгжсөн нь  хөгжилд тээг болж ирснийг нутгийнхан онцолж байна. Говь-Алтай аймаг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтад найдах бус хувийн хэвшил болон гадаадын төсөл, хөтөлбөрт хамрах боломж, бололцоог эрэлхийлэх нь зүйтэй гэдгийг чуулганы төлөөлөгчид тодотгов.
 
Б.Заяа
Связанные новости