Цахим тоглоомын газарт 5000 төгрөгөөр хонуулж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-12 15:29:09
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт цахим тоглоомын үйлчилгээ үзүүлдэг 11 байгууллага бий. Тэдний зарим нь цаг хэтрүүлж ажилласан, хүүхдүүдийг ажлын байрандаа 5000 төгрөгөөр хонуулдаг, тамхи болон хагас боловсруулсан хүнс зардаг зэрэг зөрчил гаргажээ. Иймд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 11 байгууллагын үйл ажиллагааг шалгаж зургааг нь хаах хүсэлтийг Харилцаа, холбооны  зохицуулах хороонд хүргүүлээд байна.

Цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгчид нь хуулиар тогтоосон дүрэм, журмаа мөрддөггүй, өвлийн улиралд 18, зун 20 цаг хүртэл ажиллах цагийн хуваариа зөрчдөг, есөөс доош насны хүүхдэд үйлчилдэг зэрэг зөрчлийг байнга гаргадаг тул Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс нэг өдрийн сургалт зохион байгуулж, мэдээлэл зөвлөмж өгчээ.
Он гарсаар цахим тоглоомонд донтож эмнэлэгт хандсан зургаан хүүхэд байна. Уг шалтгааны улмаас өнгөрсөн онд 22 хүүхэд эмнэлгийн байгууллагад хандсан гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн хэллээ. Цахим тоглоомонд донтсон хүүхдүүд нь худлаа ярих, хулгай хийх, зан төлөв нь өөрчлөгддөг тул эцэг, эхчүүд хүүхдийнхээ зан аашийг байнга анхаарч байх хэрэгтэй гэж тэрээр мөн онцолсон юм.  
Б.Оюун-Эрдэнэ
 

Связанные новости