МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүнээр Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны V чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна. Чуулганаар холбооны шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалт, дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хорооноос нийт 120 төлөөлөгч энэ удаагийн чуулганд оролцож байгаа бөгөөд үүний 67 хувь нь эрэгтэй, 32 хувь нь эмэгтэй байгаагаас хамгийн ахмад төлөөлөгч нь 82 настай аж. Хуралдааны эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын XXVIII Их хурлаас гаргасан бодлого шийдвэр, түүнээс хойш хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлууд, намын бодлого зорилтоо танилцуулж, чуулганд амжилт хүсэв. Түүнчлэн чуулганд МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцон үг хэлж, амжилт хүссэн юм.
Чуулганаар хэлэлцсэн гол асуудалд нь тус холбооны тэргүүн С.Төмөр-Очир өнгөрсөн дөрвөн жилд буюу IV чуулганаас хойш хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан бөгөөд энэ хугацаанд тус холбоо тэргүүлэгчдийн хурлаа 16 удаа хуралдуулж, аймаг, нийслэлийн намын хорооны дэргэдэх Ахмадын Холбоодын ажлыг дүгнэн, шилдгүүдээ шалгаруулсан зэрэг ажил танилцуулав.
Тус хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ "Ахмадуудын маань үнэт сургааль, ажил амьдралын туршлага залуу хойч үеийнхэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа учраас санал зөвлөмжөө харамгүй хэлж байхыг хүсч байна. Манай нам ахмад, дунд, залуу гурван үеийн алтан хэлхээг хадгалдаг улс төрийн хүчин. МАН хүчтэй, амжилттай байгаа шалтгаан нь үүнд оршдог гэж боддог. Тиймээс ахмадуудаасаа суралцах ёстой” хэмээсэн юм. Тэрбээр дараа нь Ахмадын холбооны IV чуулганаас сонгогдсон холбооны удирдлагуудад талархал илэрхийлээд шинээр сонгогдох тэргүүнд Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүлэв.

Ц.Сүхбаатар нь 1950 онд төрсөн. 1971 онд МУИС-ийг эдийн засагч, статистикч мэргэжлээр төгсчээ. Шинжлэх ухаан доктор, профессор цолтой. 1971-1978 онд Статистикийн төв газар мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, 1978-1980 онд Хөвсгөл аймгийн Статистикийн товчооны дарга, 1980-1984 онд Статистикийн төв газрын Эдийн засгийн хороонд эрдэм шинжилгээний ажилтан 1990 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний газарт эрдэмтэн, нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, 1991-1998 онд Монголын Хөдөө аж ахуйн биржийн Ерөнхий захирлаар, 1998-2002 онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, 2002 оноос хойш МАН-д Хяналтын хорооны дарга, Нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байжээ.
Чуулган үргэлжилж байна.
Н.Туяа