УИХ-ын гишүүд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагч нартай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-16 18:22:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр Цагдан хорих 405, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллаж, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Ирэх долоо хоногт Женевт болох Олон улсын парламентын холбооны 138 дугаар чуулганд оролцоно. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын явцын талаар тогтмол мэдээлдэг. Энэ удаа хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч гэлээ араасаа олон эргэлзээ дагуулж байгаа тул бодит мэдээлэл өгөхөөр судалж байна. ОУПХ-ны Хүний эрхийн салбар хорооноос энэ удаа С.Зоригийн хэргийн талаар 35 дахь тогтоолоо гаргана” гэдгийг онцоллоо. Тэрбээр мөн “А.Содномдаржаагийн хувьд биеийн байдал хэвийн, хорих нөхцөл байдал ч хэвийн байна. Харин мөрдөн байцаах явцад болон Шүүх ажиллагааны үед эрхийг нь зөрчсөн үйлдлүүд удаа дараалан гаргаж байсан талаар ярилаа. Энэ талаар баримт нотолгоогоо бичгээр өгнө гэдгээ хэлсэн” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “А.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын гэр бүлийнхний хүсэлтийн дагуу хорих анги дээр ирж биечлэн уулзаж, нөхцөл байдлыг сонслоо. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Гэтэл захиалгат аллага хэмээх зүйл ангиар гурван хүн хоригдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны үед ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчийн талд шийдвэр гаргана гэдэг үндсэн зарчим зөрчигдөөд байна. Энэ хэрэг дээр ажилласан тагнуул, цагдаагийн мөрдөн байцаагч нар, прокурор, шүүгч нарын үйл ажиллагаа Монгол Улсын хуулийн хүрээнд байсан эсэх дээр олон нийт төдийгүй Олон улсын байгууллагууд эргэлзэж байгаа. УИХ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан. УИХ бол хууль батлахаас гадна баталсан хуулиа хянах ёстой. Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Хэрэв зөрчигдсөн бол бид хамгаална” хэмээн мэдэгджээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өмнө нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбогдох асуудлуудаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад А.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн оролцож, тэднийг Ц.Амгаланбаатарын гүтгэлгээр яллагдсан талаар гомдол саналаа илэрхийлж, мөн өргөдөл гаргаж байсан. Иймд дээрх яллагдагч нар болон тэдний ар гэрийнхний гаргасан гомдол саналууд дээр үндэслэн санал дүгнэлтээ нэгтгээд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон Хуульзүйн байнгын хороо, Хуульзүйн яаманд танилцуулах юм байна.
Н.Туяа
Связанные новости