Монгол хүүхдийн биеийн стандарт тогтоох судалгааг 25 жилийн дараа эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2018-03-23 15:33:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад сүүлийн 25 жил хийгдээгүй хүүхдийн биеийн хэмжээний стандартыг тодорхойлох судалгааг Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар эхэллээ. Уг судалгааны талаар өнөөдөр ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн Хувцас судлалын төвд танилцууллаа. 

Боловсролын байгууллагад мөрдөх олон улсын стандартуудын нэг нь хүүхдийн биеийн хэлбэр, хэмжээ, эргономикийн шаардлагад нийцсэн анги, танхим, дүрэмт хувцас, сургалтын тоног төхөөрөмжөөр хангасан орчныг бүрдүүлэх юм. Гэтэл Монгол хүүхдийн биеийн хэмжээг тогтоох судалгааг улсын хэмжээнд хамгийн сүүлд 1993 онд буюу 25 жилийн өмнө хийж байв. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөр хүүхдийн биеийн өсөлт, хэлбэр, хэмжээ ч өөрчлөгдөж, 25 жилийн өмнө тогтоосон стандарт нь дэлхийн жишигт нийцэхгүй, өнөөгийн хүүхдийг бүрэн илэрхийлж чадахгүй, хоцрогдсон юм. Үүнтэй ч холбогдож үндэсний үйлдвэрлэгчдийн бэлддэг сурагчдын дүрэмт хувцас багадах эсвэл томдох, сургуулийн ширээ, сандал таарахгүй байх зэрэг асуудал тулгарч иржээ.

Тиймээс Засгийн газар, ХХААХҮЯ-наас үндэсний үйлдвэрлэгчдийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах үүргийнхээ хүрээнд үйлдвэрлэлийн үндэс болох суурь стандарт боловсруулах чиглэлээр “Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох судалгаа”-г Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр захиалжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн Хувцас судлалын төв гэрээ байгуулан, 2017 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж буй бөгөөд судалгаанд улсын хэмжээнд ЕБС-д суралцагчдын тооноос хамааран 9 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 20 мянган сурагчийг хамруулахаар төлөвлөжээ.



Судалгаа нь 06-18 насны хүүхдийн биеийн гурван хэмжээст хэмжилт судалгаа явуулж, мэдээллийн сан бүрдүүлэх, стандарт боловсруулах зорилготой. Гурван хэмжээст хэмжилт судалгааны тоног төхөөрөмж нь дэлхийн хэмжээнд ашиглаж байгаа, олон улсын стандартыг хангасан хамгийн бодит үр дүн өгнө гэж үзэж буй юм. Харин мэдээллийн сангийн хувьд нууцын өндөр зэрэглэлтэй байж, Монгол хүүхдийн биеийн дундаж, стандарт хэмжээг тогтоох зорилгоор зөвхөн ашиглагдах юм байна.

Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн Оёдлын салбарын зөвлөх М.Баяр “25 жилийн өмнө хийсэн суурь стандарт маань хоцрогдсон, хүүхдийн биеийн хэмжээг илэрхийлж чадахгүй байгаа учраас дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд нь хэрэгцээ хангаж чадахгүй, гологдол болчихдог. Тиймээс өнөөгийн монгол хүүхдийн биеийн дундаж, стандартыг тогтоох зорилготой судалгааны хэмжилтийг 2018 оны 6 дугаар сард хүртэл явуулж, дараа нь боловсруулалт хийж, үйлдвэрлэгчидтэйгээ хамтран туршсаны дүнд хүүхдийн биеийн дундаж хэмжээг бүрэн илэрхийлж чадахаар болсон улмаар 2019 оны гуравдугаар сард Монгол Улсын стандарт болж батлагдана” гэлээ.



Энэхүү судалгааны ажлын хүрээнд ШУТИС-ийн Хувцас судлалын төвийн эрдэмтэн, багш нар ажиллаж эхлээд байгаа юм. Судалгааны бэлтгэл ажлыг 2017 оны 12 дугаар сараас хангаж, 1 дүгээр сараас 4 аймаг, нийслэлийн 2 сургуулиас хэмжилтийн ажлаа эхэлсэн. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хувцас судлалын төвийн захирал Д.Ариунболор “Есдүгээр сарын 1 болохоор эцэг эхчүүд тэвдэж эхэлдэг. Худалдаж авсан дүрэмт хувцас нь таарахгүй, дахиж авах шаардлага гардаг гэх мэт асуудал тулгардаг. Тэгвэл энэ том судалгаа, төслийн үр дүнд хүүхдийн биеийн хэмжээний үндсэн өгөгдлийг нас, хүйсээр нь гаргаж, үндэсний стандарттай болсоноор энэ мэт асуудал байхгүй болох юм. Зөвхөн хүүхдийн дүрэмт хувцас гэхээсээ илүү сургууль, хүүхдийн байгууллагын орчны тоног төхөөрөмж, ширээ сандал, ариун цэврийн өрөөний хэрэглэгдэхүүн нь эргономик шаардлагад нийцсэн байх суурь бүрдэнэ” хэмээлээ.

Д.Сарантуяа 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости