Өвөрхангайн баг шөвгийн дөрөвт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-17 09:52:34

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн хоёр дахь барилдаан Өвөрхангай-Өмнөговь аймгуудын хооронд боллоо.


Тус барилдаанд Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялснаар хагас шигшээд үлдэв. Өвөрхангай аймгийн багаас улсын гарди Ц.Бямба-Отгон, харцага Х.Гантулга, начин Б.Лхагвадорж нар тус бүр гурав, аймгийн арслан Т.Довчинсэмбээ, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар хоёр, аймгийн хурц арслан О.Наранбаатар нэг давжээ.


Тэгвэл Өмнөговь аймгийн багаас улсын заан Ц.Одбаяр, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, аймгийн заан С.Доржпалам нар гурав, улсын начин Э.Нямбаа, Ш.Дарханбат нар нэг давсан юм. Харин аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа багтаа тус болж чадсангүй.


Өвөрхангайнхан хагас шигшээд шалгарснаар 20 сая төгрөгийн шагнал авах болзол хангасан бол Өмнөговийнхон таван сая төгрөг халааслав. Хагас шигшээд Өвөрхангай аймгийн баг Архангайтай таарч байна.

Related news