ГОВЬ-АЛТАЙ: "Мөрөөдлийн гоол-2024" тэмцээнд баруун аймгуудын тамирчид өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-23 11:56:26

Говь-Алтай, дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулдаг “Мөрөөдлийн гоол-2024” баруун бүсийн тэмцээн 4 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Алтай хотноо гурван өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Тэмцээнд баруун бүсийн таван аймгийн 18 багийн 260 тамирчин сурагч гурван насны ангиллаар оролцлоо.



Баруун бүсийн тэмцээний ирээдүйн шилдэг баг тамирчдыг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дарвөн сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


Сүүлийн жилүүдэд хөл бөмбөгийн спортыг сонирхон хичээллэх хүүхэд багачуудын тоо өсөж байгаа учир жил ирэх тусам тэмцээний цар хүрээ, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа талаар Говь-Алтай аймгийн Хөл бөмбөгийн спортын багш, дасгалжуулагч Г.Хатанбаатар хэлж байлаа.


Шилдгээр шалгарсан багийг танилцуулбал: 

Охидын төрөлд:

U12 насны ангилалд

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  дөрөвдүгээр сургуулийн баг аваргаар тодорч алтан медаль 

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургууль мөнгөн медаль 

-Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн сурагчид хүрэл медаль хүртлээ. 


U14 насны ангилалд:

-Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн сурагчид аваргын алтан медаль хүртсэн бол

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. 


U16 насны ангилалд

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аваргаар тодорч алтан медаль

-Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн баг тамирчид удаалж мөнгөн медаль хүртлээ.  


Хөвгүүдийн төрөлд:

U12 насны ангилалд

-Ховд аймгийн нэгдүгээр сургуулийн баг тамирчид аваргаар шалгарч, алтан медаль 

-Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургуулийн баг тамирчид мөнгө,

-Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн баг тамирчид хүрэл медаль тус тус хүртсэн бол U14 насны ангилалд алтан медалийг Баян-Өлгий аймгийн Дарын ерөнхий боловсролын сургууль, мөнгөн медалийг Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль, хүрэл медалийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийг баг тамирчид хүртсэн юм.


Харин U16 насны ангилалд алтан медалийг Увс аймгийн нэгдүгээр сургууль, мөнгөн медалийг Баян-Өлгий Дарын ерөнхий боловсролын сургууль, хүрэл медалийг Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн сурагчид тус тус хүртэж, шагналт байрт шалгарсан байна.



Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Э.Пүрэвжав, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар нар оролцож, баг тамирчдын шагналыг гардууллаа.



Related news