ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албан хаагчид англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-24 10:24:20

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулан англи хэлний дунд шатны эрчимжүүлсэн сургалт зохион байгуулж эхэллээ.


Тодруулбал, аймгийн Засаг даргын санаачилгаар төрийн албан хаагчийн англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албанд англи хэлийг ашиглах чадамжийг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг явуулах тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас мэдээлэв. 


2024 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхэлж хоёр сарын турш үргэлжлэн долоодугаар сарын 1-нд үр дүнгээ тооцон гэрчилгээ олгох албан ёсны сургалт ажээ. Түүнчлэн англи хэлний дунд шатны эрчимжүүлсэн сургалтыг тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Мандах наран” англи хэлний төвийн америк багш нараар удирдуулан явуулахаар төлөвлөжээ. Сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд анги дүүргэлтийг 20 суралцагчаар дүүргэж, 7 хоногт хоёр удаа нийт дөрвөн цаг хичээллэх тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас нэмж мэдээллээ. 


Одоогоор Говь-Алтай аймгийн төрийн алба хаачдын англи хэлний мэдлэгийн түвшний судалгаа байдаггүй. Англи хэлний өдөр тутмын хэрэгцээ байдаггүй учир ашигладаггүй, үүнээс үүдэн мэдлэгийн түвшин буурах хандлага бий болж байгаа талаар Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг хэлэв. 


Related news