ГОВЬ-АЛТАЙ: Тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй нас баралт бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-30 12:20:25

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн ба уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэж онош тодруулахаар ажиллаж буй талаар холбогдох албанаас мэдээлэв.


Учир нь, нас барсан иргэн 15 настай бөгөөд тэрээр хонинд явж байхдаа хээрээс тарвага олж түүнийгээ гэртээ чанаж идсэн тухай ар гэрээс нь мэдээлсэн байна. Идсэнээс хойш өндөр халуурч хоёр хоногийн дараа нас баржээ. Нэгдүгээр хавьтлын 16, хоёрдугаар хавьтлын 30 гаруй иргэн бүртгэгдсэн бөгөөд тэднийг тусгаарлан хөл хорио тогтоосон аж.


Голомтод бүс нь Говь-Алтай аймгийн Цээл сумын төвөөс 50 км-ийн зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэн хэмээх газар бөгөөд одоогоор орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ, Улаанбаатар хотод ЗӨСҮТ-д хийх бөгөөд хариу гарсан тухайн цагт мэдээлэх юм. 


Үүнтэй холбоотойгоор Цээл сумын онцгой комиссоос:

-Наймдуаар сарын 29-ний өдрөөс 6 хоногийн хугацаатайгаар Цээл сумын нутаг дэвсгэрт орж, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлах,

-ЕБС, СӨБ-ын  байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлт, бүртгэл, үйл ажиллагааг зогсоох

-Дөрвөн цэгт пост ажиллуулах

-Хамгаалалтад аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж, хүч нэмэгдүүлэн ажиллах шийдвэрүүдийг гаргасан байна.

Холбоотой мэдээ