ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн цол олгох барилдаан энэ амралтын өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-05 12:00:23

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн цол олгох үндэсний бөхийн барилдаан энэ амралтын өдөр болно.

Тодруулбал, Ардын хувьсгалын 102 жил, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар аймгийн цол олгоогүй учир ийнхүү цол олгох хүчит 256 бөхийн  барилдааныг есдүгээр сарын 9-ний өдөр Алтай хотод зохион байгуулах юм.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 6-ны 9.00 цагаас 7-ны 17.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд барилдах бөхчүүд өөрийн биеэр цолны үнэмлэхтэй ирж бүртгүүлэхийг холбогдох албанаас мэдээлэв.


Аймгийн цол олгох энэхүү барилдаанд улсын цолтой бөх барилдуулахгүй ба барилдааны үеэр иргэд, бөх шимтэн сонирхогч үзэгч олныг хууран мэхлэх, даваа өгөлцөж, авалцах, наймаалах асуудал гаргасан бөхийг барилдаанаас шууд хасах ажээ. Мөн бие засах, хоол идэхээс бусад тохиолдолд барилдааны талбайгаас гарахгүй байх, шаардлагатай гэж үзвэл харилцаа холбооны хэрэгсэл гар утсыг хураан авахыг онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ