БАЯН-ӨЛГИЙ: Сагсайд бүргэдчдийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-04 11:14:52

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Казах түмний "Наурыз" баярыг тохиолдуулан энэ сарын 21-ний өдөр Сагсай суманд "Түлек-Наурыз-2024" бүргэдчдийн тэмцээн зохион байгуулна.


Тэмцээнийг Сагсай сумын "Түлек" бүргэдчдийн холбооноос хоёр дахь жилдээ зохион явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.


"Шувуулахуйн уламжлалын нэгэн чухал хэсэг нь өвөл өнгөрч, тухайн жилийн ан хийх улирал дуусахад бүргэдчид бүргэдээ өөрөөр нь байлгах зорилгоор "томага" буюу нүдээ таглах өмсгөлийг нь тайлдаг. Тухайн өдрөөс эхлэн бүргэдээ аль болох их хооллож эхэлдэг бөгөөд үүнийг бүргэдчид “түлек” хэмээн нэрлэдэг. Туc өвөрмөц соёлыг казах түмний хаврын баяр Наурызтай хослуулан олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Түлек-Наурыз-2024" үйл ажиллагааг зохион байгуулж байгаа" хэмээн Сагсай сумын "Түлек" бүргэдчдийн холбооны тэргүүн М.Асылбек хэлэв.


Бүргэдийн баяраар бүргэд болон морины тоног хэрэгсэл шалгаруулж, бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдал (шахыру), ан агнахад сургасан байдлаа (шырга тарту) сорин өрсөлдөнө. Мөн морин дээрээс зоос шүүрэх (тенге илу), морьт харваа (жамбы ату) зэрэг үндэсний спортын тэмцээн явуулна.


Зохион байгуулагчид уг үйл ажиллагааг сонирхохоор ирсэн зочдыг Наурыз баярын хүндэт зоог болох "Наурызын шөл" (Наурыз көже)-өөр дайлахаа илэрхийлээд байна. 

Холбоотой мэдээ