Баг, хороодын дарга нарын ур чадварыг дээшлүүлснээр, удирдлагын тогтвортой тогтолцоо бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-04-26 14:10:24

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын анхан шатны нэгж баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулж, тэдний мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд төр, засгаас анхаарч байна.


Энэ талаар өнгөрсөн онд гарсан Засгийн газрын 303 дугаар тогтоолыг хэрэгжилтийн талаар Удирдлагын академид болсон “Иргэн төвтэй хөгжилд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагын оролцоо” олон улсын форумоор хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын ХЭГ, Удирдлагын академи хамтран засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх сургалтын тогтвортой тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Энд чиглэсэн алхамыг хэлэлцэж, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, олон улсын туршлагаас суралцах, мэдлэг, мэдээллээ хуваалцах зорилгоор тус форумыг зохион байгууллаа.


 Форумд хөдөө орон нутгаас ирж оролцсон төлөөлөгчийн үгийг хүргэвэл, Орхон аймгийн Бөян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг дарга Г.Наранжав, бидэнд зориулсан богино хугацааны сургалтыг дотооддоо зохион байгуулж, гадаадад БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн институт (ЛОГОДИ)-д 7 хоног суралцаж туршлага солилцон, мэдлэг мэдээллээ хуваалцан, онол, дадлагын түвшинд мэргэжил дээшлүүллээ.

Ингэснээр бид цаашид хийх ажилдаа юуг шинэчлэх, үйл ажиллагааны чиглэлийн шинэчлэлээ тодорхойллоо. Баг, хорооны Засаг дарга нарт мэдээлэл солилцох, олон талын оролцоог хангах үйл ажиллагаа чухал байна. Үүнд бид суралцлаа гэв.

 







Баг, хороодын дарга нарын ур чадварыг дээшлүүлснээр, удирдлагын тогтвортой тогтолцоо бүрдэнэ.




Филиппин улсын төлөөлөгч, олон улсын зөвлөх, профессор Бенилда Бадон Таяаг, манай улс хүн ам ихтэй учир төрийн захиргааны анхан шатны нэгж дээр ажиллаж буй, танайх шиг баг, хорооны дарга нарын ачаалал их, ногдох хүний тоо олон байдаг. Гэхдээ иргэдийн олон, цөөнөөс шалтгаалахгүйгээр, хамгийн гол нь иргэдтэй ойр байж, тэднийг төрийн ажилд оролцуулан түүн дээр тулгуурлан ажиллах нь чухал юм гэдгийг онцлон хэлэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Засгийн газрын тогтоолын хүрээнд улсын хэмжээнд бага, хорооны Засаг дарга нарын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Энэ нь төрийн үйлчилгээг анхан шатнаас иргэдэд хүргэж буй баг, хорооны Засаг дарга нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

 

Форумд Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн удирдлага, холбогдох албан хаагчид болон сургалтад оролцсон баг, хорооны Засаг дарга нарын төлөөлөл, сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлсэн багш, судлаачид, олон улсын шинжээч, зөвлөхүүд оролцлоо.

Холбоотой мэдээ