Монголчуудад “Торгоны замын түүх”-ээр аялах боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Торгоны замын түүхийг дэлхий нийтэд таниулах үүднээс хятадын бичээч Чжан Ипиний бичсэн "Торгоны замын түүх" ном монгол хэлээр уншигчдад хүрч эхэллээ. Энэхүү номын нээлт өнөөдөр Монголын Үндэсний музейд болов.
Монгол нь торгоны замыг “бүтээлцсэн” гүрний хувьд түүний түүхийг сонирхох нь дамжиггүй хэмээн англи хэлнээс Ч.Чулуунбаатар, Д.Өлгийсайхан нар орчуулжээ. Харин номын ерөнхий редактороор стратеги судлаач Н.Дэмбэрэл ажилласан байна.
Тэрбээр хэлэхдээ, “Хятад орон олон зууны туршид одоогийн Европ тивтэй худалдаа хийхээр оролдож газрын дундад тэнгис хүрч тодруулбал Арабуудтай наймаа хийж Торгоны замын жимийг анх гаргажээ. Арабчууд хятадын торго, үнэт зүйлсийг Европ тивийнхэнд дамлан худалдаж маш их орлого олж байв. Монголчууд Европ руу дайлаар мордох хүртэл Хятад орон Европтой холбогдож байсангүй. Хятад орныг Европтой худалдаа хийхэд монголчууд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Чингис хаан, түүний залгамжлагчдын явуулсан аян дайн, бодлогын үр дүнд монголчууд Өрнө Дорныг холбосон гүүр болж Европ Ази тив хоорондын худалдааны замын эхлэлийг тавьсан. Эдүгээ Хятад орон Шинэ торгоны замыг сэдэн санаачилж хамтдаа өсөн дэвжих зорилт тавьж байна. Энэхүү санаа олон зууныг дамжсан түүхтэй юм. Иймээс уншигч олныг торгоны замын түүхээр тавтай морилохыг урьж байна” гэв.
Номын нээлтэд БНХАУ-ын ЭСЯ-ны атташе Ли Вэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр