Улс төрийн намын хуулийг өргөн баривал хэлэлцэхэд бэлэн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын даргын мэдээллийг сонслоо.
Түүнчлэн махны үнийн асуудлыг хэлэлцлээ. Хөдөөд дэлхийн зах зээлтэй ойролцоо, боломжийн үнэтэй байх зохицуулалт хийх арга хэмжээг зохион байгуулж төлөвлөгөө боловсруулж оруулж ирэхийг Засгийн газарт даалгалаа. Бүлгийн хурлын талаар АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг олон хуулийн төслийн хэлэлцүүлгээр завсарлага авсан. Манай намын бүлэг “УИХ ажлаа хийх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаа. Гэвч МАН олон чухал хуулийг гацааж байгаад харамсч байна. Зөвхөн Сонгуулийн хууль болон хар машинаас болоод бусад ажлыг гацааж байгаа нь цэвэр улс төр гэж үзэж байгаа. МАН-аас гурван шаардлага тавьж байгаа. Сонгуулийн тойргийг жижигсгэх, сонгуулийн саналыг гараар тоолох, хэсгийн хороонд нам, эвслийн төлөөллийг оруулах саналтай байгаа. Энэ нь өмнөх сонгуулийн будлиануудыг эргэн сэргээх гэсэн санаархал гэж үзэж байна. 2008 оны 7 дугаар сарын 1-нд юу болсныг ард түмэн мартаагүй. Тийм учраас сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин Улс төрийн намуудын тухай хууль маш чухал” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ипотекийн зээлийн асуудал өнгөрсөн долоо хоногт иргэдийн анхаарлыг ихээр татлаа. Хууль өргөн барьж энэ асуудлыг шийдэх тухай мэдэгдсэн. Хуулийн төслийг хэзээ, хаанаас өргөн барих вэ?
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан болохоор үүний араас ямар нэг тайлбар хийх нь зохимжгүй. Яагаад гэвэл эцсийн шийдвэр гарчихсан. Үндсэн хуулийн хүрээнд ямар боломж байгааг олж харсан хуулийн төслийг боловсруулахаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Улс төрийн намуудын тухай хуулийг С.Баярцогт гишүүн өргөн барих ёстой. Одоо өргөн бариагүй хуулийн төсөлд хүлээлт үүсгэх нь хэр зохистой вэ?
-Хуулийн төслийг аль нэг нам эвслээс өргөн барих нь зохимжгүй гэж үзээд Ерөнхийлөгч өргөн барихад бэлэн болсон байгаа. Хуулийн төслийг даруй өргөн баривал хэлэлцэхэд бэлэн байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.
-Ерөнхий сайд өнөөдрийн мэдээлэлдээ Шадар сайдын асуудлаар мэдээлэл хийсэн үү, бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Энэ талаар бүлгийн хурал дээр яриагүй.
Н.Туяа