Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-25 13:30:57

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж, наадмын Хүндэтгэлийн тоглолт”-ын найруулагчаар УГЗ, бүжиг дэглээч Д.Баярбаатарыг сонгожээ.


Уг тоглолтыг “Алтан соёмбын аялгуут эгшиглэн” хэмээн нэрлэсэн бөгөөд монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор дуурьсах, өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулан толилуулах ажээ. Наадмын нээлт, хаалтад ашиглах тайзны зохион байгуулалтад анхаарч, үзэгчид, бөхчүүдэд саад болохгүй, зөөж буулгахад хялбар, хөнгөн, автомат, аюулгүй, шинэлэг байхаар шийдэхийг үүрэг болгосон байна. Түүнчлэн наадмыг шууд дамжуулах, сурвалжлах, хурдан морины уралдааныг дамжуулах хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж, бэлтгэл ажлыг хангана.


Үүнээс гадна энэхүү хурлаар наадмын нээлт, хаалтын тасалбарын үнийг шийдэж, гадаадын жуулчид, үзэгчдэд худалдаалах товыг эргэн мэдээлэх, хурдан морины сэрвээ хэмжих төхөөрөмжийг ойрын хугацаанд туршиж танилцуулах, наадмаар амжилт гаргасан бөх, хурдан морь, унаач хүүхэд, сур, шагайн харваачдад олгох шагналыг үнэ цэнтэй, агуулга бүхий болгох тал дээр анхаарах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээ, ногоон зүлэг дэвсэх ажлыг чанартай гүйцэтгэж, уран бүтээлчдийг бэлтгэл хийх боломж нөхцөлөөр хангах, салбар хороод болон холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, ирэх сарын 15-нд эхний үзлэгийг хийхийг даалгасан байна.



相关新闻