Нийт малынх нь 50 хувь отроор өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Алтанширээ суманд энэ өвөл цас их унаж хүйтэрснээс бэлчээр хомсдож малчид зэргэлдээх Эрдэнэ, Улаанбадрах, баруун хойшоо Сайхандулаан, Иххэт, Мандах сумын нутгаар оторлож байна.
Тус сум 2015 оны жилийн эцсээр 120 орчим мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүний тавин хувь буюу 60 орчим мянга нь гадны сумдад өвөлжиж байгаа юм. Өвөлжилтөд бэлтгэх албан даалгаврын хүрээнд малчид, аж ахуй нэгжүүд хамтран 420 орчим тонн өвсийг сумынхаа хэмжээнд бэлтгэж нөөцөлсөн ч хахир өвлийн улирлыг давахад хүрэлцэхгүй байгаа талаар сумын Засаг дарга Б.Болдсайхан ярилаа. Малчдад нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр, нэг уут тэжээлийг 20-30 мянган төгрөгөөр арилжиж буй бөгөөд удахгүй өвс тэжээлийн улсын нөөцөөс үнэгүй өвс олгохоор болжээ.
Х.Эрдэнэбулган