Академич Т.Дорж “МУИС-ийн Эмерит профессор” цол хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-01-28 14:50:45

Өнөөдөр МУИС-ийн эрдмийн дугуй танхимд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Түвдийн Доржид  “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох ёслол болов.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Монголын Менежментийн холбооны ерөнхийлөгч, доктор профессор Ц.Цэрэндорж нар оролцов. Мөн ШУА, МУИС-ийн эрдэмтэн, доктор, профессор багш нар болон шавь нар, гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байна.

Тус “МУИС-ийн Эмерит профессор” цолыг анх удаа олгож байгаа бөгөөд 30 наснаасаа өмнө доктор цол хамгаалаад, энэ сургуульдаа тасралтгүй олон жил ажиллаж байгаа эрдэмтэн багшид олгож байх юм.

“МУИС-ийн Эмирет профессор” цолны анхдагч болсон академич Т.Дорж багш нь МУИС-д 1965 онд элсээд 1 жил суралцаад улмаар сурлагаараа шалгарч ЗХУ-ын Москвагийн Их сургуулийн эдийн засаг кибернетикийн мэргэжлээр аспирантурт суралцах урилгатай 1971 онд төгсөж иржээ. Харин МУИС-д ирэхэд нь аспирантурт явуулахыг нь хойшлуулж Инженер-эдийн засгийн факультетын эдийн засаг удирдлага зохион байгуулалтын тэнхимд багшаар ажиллуулжээ. Түүнийг уг тэнхмийн эрхлэгч тэр үеийн манай нэртэй эрдэмтэн Л.Гүржав багш олзуурхан хүлээн авч, эдийн засаг математик загварчлал, эдийн засгийн кибернетик, удирдлагын шинжлэх ухааны үндэс хичээлүүдийг заалгахаар болжээ.

Өнөөдөр академич Т.Доржийн зөвлөхөөр болон удирдагчаар ажиллаж хамгаалуулсан 7 шинжлэх ухааны доктор, 28 боловсролын доктор байгаа нь түүнийг ямар түвшний эрдэмтэн гэдгийг батална. Мөн түүний эрдэм шинжилгээний бүтээл 45-д хүрсэн бол  эрдэм шинжилгээний өгүүллүүд гэхэд 100 хол даваад байгаа юм.

Энэхүү ёслолын үеэр академич Т.Дорж багшийн тухай баримтат кино үзүүлэв. МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив Эрдмийн зөвлөлийн тогтоолыг танилцуулж, академич Т.Дорж багшид “МУИС-ийн Эмерит профессор”-ын диплом, энгэрийн тэмдгийг гардуулсан юм.

Д.Өлзий

相关新闻