Өмнөговь аймгийн зарим сумдад хаваржилт хүндхэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 18:02:19

Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай, Булган, Мандал-Овоо зэрэг сумдад өвөл их хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүнд байсан. Хэдийгээр хаврын сар гараад удаагүй ч дээрх сумдад хаваржилт хүнд хэвээр байна.

Аймгийн хэмжээнд зарим сумдуудад өвөлжилт хүндэрсний улмаас улсын нөөцөөс нийт зуун тонн өвс татан төвлөрүүлэх ажлыг өрнүүлж байгаа юм. Үүнээс 45 тонн өвс нь ирээд байгаа бөгөөд эхний ээлжинд мал маллагаа хүнд байгаа Хүрмэн, Баяндалай, Булган сумдуудад хуваарилж өгөөд байна. Үлдэгдэл 55 тонн өвс тээврийнхээ замд ирж байгаа ажээ. Энэхүү өвсийг ирэхээр нь Мандал-Овоо зэрэг сумдад хүргүүлэх аж.

2011, 2012 оны өвсний үнийг зуун хувь чөлөөлсөн байна. 2014 оны өвсөө мөн үнэгүй болгохоор ярилцаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн хэмжээнд өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻