Бургастайн боомтоор БНХАУ-руу экспортлох махны анхны ачилтыг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-02-22 12:40:17

ХХААЯ-наас өнгөрсөн 7 хоногоос эхлэн  БНХАУ руу Монгол Улсын баруун 5 аймгийн үхэр, хонь, ямааны мах экспортлох анхны ачилт эхэллээ хэмээн мэдээллээ.

Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газраас өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын баруун 5 аймагт тавьсан үхэр, хонь, ямааны түүхий махны шүлхийн хоригийг цуцалж, эрүүл болохыг нь хүлээн зөвшөөрсөн.

 Ингэснээр Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн албан ёсоор зарласан. Эхний ээлжинд Увс аймгийн “Мон-Тува” ХХК Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан Хятад руу 16 тонн хонины мах экспортоллоо.БНХАУ-руу мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хүнс,Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар оролцов. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас Завхан аймгийн “Завхан хүнс групп” ХХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл мах маркет” ХХК (Монгол эко мах ХХК), Увс аймгийн “Мон-тува” ХХК (Грийн грэйс лэнд)-ийн махны үйлдвэрүүдэд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлох зөвшөөрлийг олгосон байна. Баруун таван аймгийн малчид, иргэд мал махаа эдгээр гурван компаний үйлдвэрт нийлүүлэх боломжтой юм.

Ж.Батсайхан

 

相关新闻