Өмнөговь аймгийн хэмжээнд 60 орчим ирвэс байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 16:04:21

Дэлхийд хэмжээнд 4300 орчим тоо толгой байгаа цоохор ирвэсний 60 нь Өмнөговь аймагт байгааг ирвэсэнд зүүсэн  камерт бичигдснээр нотолж байна.

Түүнээс Гурвантэс сумын  Тостын нуруунд 26 бие гүйцсэн ирвэс, 6 зулзага буюу гүем нийт 32-34 ирвэс, Сэврэй сумын Сэврэй ууланд 17 нас бие гүйцсэн ирвэс байгаагаас 1 эм ирвэс 2 зулзагатай, Ноён сумын Хүрэн ханын хэцэд 6 бие гүйцсэн, 4 зулзага  байгаа ажээ. Ирвэсэнд камер зүүх нь зөвхөн ирвэс тоолоод ч зогсохгүй өөр бусад ан амьтаны тоо хэмжээг баримжаалах, хулгайн анчдыг барих зэрэг давуу талтай байдаг байна.

Мөн ирвэсэнд идүүлсэн малын хохирлоо барагдуулах даатгалын санг малчид өөрсдөө байгуулдаг аж. Өнгөрсөн оны хагас жилд Тостын нуруу орчмын 26 өрх даатгалд оролцож нийт 3465 бог, 170 бод даатгуулсанаас 1 богийг 1000 төгрөг, 1 бодыг 10000 төгрөгөөр тооцон 5,165,000 төгрөгийн даатгалын хураамж даатгалын сандаа хуримтлуулсан ажээ. Өнгөрөгч өвөл  нийт 5 бод, 26 бог алдсанаас ирвэсэнд 6, чононд 25 мал тус тус бариулсан байжээ. Ирвэсэнд бариулсан малын хохирлын 80 хувийг ирвэс хамгаалах сангаас, 20 хувийг малчдын даатгалын сангаас олгодог юм байна.

Дашрамд дуулгахад Монгол Улс 1972 оноос хойш цоохор ирвэс агнахыг хориглож, дархан цаазтай амьтан болгосон ажээ. Ирвэсний эрийг гэнд, эмийг гинс, төлийг нь гүем гэж нэрлэдэг бөгөөд жил өнжиж төллөдөг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

相关新闻