Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэргийлэхийг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭОнцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдэл гарч болзошгүйг анхааруулж хэвлэлийн бага хурал хийв.
Энэ сарын 2-3-нд баруун болон төвийн аймгууд нутаг, 4-өөс ихэнхи нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх тул ийнхүү сэрэмжлүүлж байгаа юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр Төвийн болон зүүн бүсийн нутгуудаар 12-20 см-ийн цасан бүрхүүлтэй орох төлөвтэй байна. Салхины хурд 16 м/с-ээс дээш гарсан тохиолдолд цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Иймд нийт ард иргэд, малчдад урьдчилан анхааруулж байна.
Цаг агаарын таагүй байдлын улмаас зам даваа цасанд боогдох, хальтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын тоо нэмэгддэг тул шаардлагатай тохиолдолд автозамын хөдөлгөөнийг хязгаарлах хүртэлхи арга хэмжээг авахыг ч санууллаа.
Одоогоор улс орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум "Цагаан зуд"-тай, 20 аймгийн 113 сум "Цагаанаар зудархуу" зэрэглэлд байгааг ОБЕГ-аас мэдэгдлээ.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 аймгийн 205 суманд 248,910 толгой мал хорогдоод байна. Тиймээс цаг агаарын болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байгаа юм.
Ж.Батсайхан