“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн үр дүнг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-10-25 13:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Чингис” зочид буудалд Глоб Интернэшнл төв ТББ, “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн эвсэл хамтран “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн үр дүнгийн чуулган боллоо.

Тус төслийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хамтрагч байгууллагаар БСШУСЯ, Сангийн яам, АТГ хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү төсөл боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжиж байна. Төслийн зорилтот Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар гэсэн 8 аймгийн 28 сумын 31 сургуульд, Сургуулийн эцэг эх, багшийн холбоо /СЭЭБХ/-г байгуулан ажиллаж байна. СЭЭБХ нь орон нутгийн удирдлага, сургуулийн захирал, багш, ажилтнуудтай үр дүнтэй харилцаа холбоо тогтоож хамтран бүтээлчээр ажилладаг сайн дурын гишүүнчлэлтэй, бие даасан байгууллага юм.

Энэ чуулганаар СЭЭБХ-нд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх замаар сурагчдын сурлагын амжилтыг ахиулахад ямар ажлууд хийсэн талаар өөрсдийн сайн туршлагаа хуваалцсан юм. Мөн тус холбооны үндсэн үйл ажиллагаа болох сургуулийн орчныг хамтын оролцоотой үнэлэх Сайн сургуулийг дэмжих аргачлал /ССДА/-ыг хэрэгжүүлснээр сургууль болон орон нутагт бий болсон өөрчлөлт, ололт амжилтаа хуваалцан санал солилцлоо. Оролцогчид энэ үеэр “Боловсролын төсөв ба иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцлээ.

СЭЭБХ-ны үйл ажиллагааг өргөжүүлэх үндэсний хэмжээнд уг холбоог ажиллуулах зорилгоор энэ сарын 23-нд Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо /СЭЭБҮНХ/-г байгуулан дүрмээ хэлэлцэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгожээ. Тус холбооны алсын хараа нь эцэг эх, нутгийн хамт олныг чадавхжуулах замаар боловсролын салбарын бүх түвшинд эцэг эхийн оролцоо баталгаажсан, хүүхэд нэг бүрийн потенциалыг нээн хөгжүүлэх, амжилттай суралцах, өөртөө итгэлтэй хувь хүн, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлдэг боловсролын тогтолцоог бий болгох юм.

Чуулганы төгсгөлд “СЭЭБҮНХ-ны боловсролын салбарт гүйцэтгэх үүргийг бататгах нь” сэдвээр бүлгийн ажил зохион байгуулав.

Чуулганы үеэр Бүх нийтийн боловсролын төлөө нийгмийн үндэсний эвслийн Хөвсгөл салбарын зохицуулагч, сургагч багш Ч.Лхагвасүрэнтэй уулзаж уг төслийг ямар хүрээнд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар сонирхлоо.




Тэрбээр: “Хөвсгөл аймагт “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл 2016 оноос амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төсөл Мөрөн сумын Гурван-Эрдэнэ, Цагааннуур, Цагаан-Уул, Улаан-Уул сумын ерөнхий боловсролын 4 сургуульд хэрэгжиж үр дүнгээ өгсөн. Төслийн хүрээнд тус ЕБС-иудад эцэг эх, багшийн хамтын ажиллагаанд суурилсан Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулан үйл ажиллагаа явуулснаар сургуулийн орчинд тулгамдаж буй, сумын түвшинд шийдвэрлэх боломжгүй асуудлуудаа хэлэлцэж, аймгийн удирдлагуудад хүргүүлснээр тодорхой төсвийг тусгалаа. Тухайлбал, сургуулийн анги танхимын хүрэлцээ муу, засвар, өргөтгөлийн ажил хийх шаардлагатай, хөвгүүдийн дотуур байр стандарт нийцэхгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байгаад хамтран ажилласны үр дүнд төсөв гаргаж хөрөнгө оруулалт хийж шийдвэрлэлээ. Мөн Цагааннуур сумын сургуулийг нэгдсэн халаалттай болгоход зориулж 7 сая төгрөгийг зарцуулсан. Сургуулийн эцэг эхийн санал, санаачлага эрс идэвхжиж, сурагчийн болон багшийн ёс зүй, харилцаанд нөлөөллөө үзүүлж сурлага, хүмүүжилд нь эерэг дэвшлүүд гарч байна” гэлээ. 

相关新闻