Нийт 3,3 сая мал өвөлжүүлэх бэлтгэл хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-26 10:08:31

Булган /МОНЦАМЭ/.Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалангаас өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

            - Мал аж ахуйн өвлийн бэлтгэлийг хангаж дуусч байна уу?

- Аймгийн хэмжээгээр 16 сум, нэг тосгоны 75 багийн 9,4 мянган малчин өрхөд одоогийн байдлаар 3,3 сая мал өвөлжинө гэсэн тооцоо гаргасан.

Энэ жил 1,1 сая төл бойжууллаа. Сүрэг сэлбэсэн шинэ төлийн тоо толгойтой тэнцэх хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад 3,3 сая тал өвөлжинө гэсэн тооцоо гаргасан юм. Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвлийн бэлтгэл хангах ажлыг аймгийн Онцгой комиссоос баталсан удирдамжийн дагуу сумдад хоёр удаа шалгаж эрчимжүүлэх, дутууг гүйцээх талаар чиглэл өгч ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийг 92,4 хувь хангасан.

- Өнгөрсөн өвөл, хавар хатуу байж өмнөх жилүүдийнхээс олон тооны мал хорогдсон. Өвс, тэжээлийг хэрхэн базааж байна вэ?

- Малчид өвс тэжээл сайн бэлтгэлээ. Өнгөрсөн жил гантай газрын гарц, ургац муу байснаас шалтгаалан хадлан тааруу бэлтгэсэн. Дээр нь цас зудтай байснаас энэ он гарсаар зуугаад мянган мал хорогдсон.

Тиймээс малчид өвлийг өнөтэй давахын  тулд ихээхэн анхаарч өвс тэжээлийг сайтар базааж  нийт 89,6 мянган тонныг бэлтгээд байна. Зуншлага сайн байж, хадлан авах боломжтой байлаа. Манай аймгийн хувьд мал, амьтны гоц халдаврт шүлхий өвчин гарсан аймгуудаас өвс, хадлан татаж авахыг хориглосон. Иймээс дотооддоо хадлан бэлтгэх зохион байгуулалтын ажлыг хийснээс гадна эрүүл бүс буюу Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас өвс нөөцөлсөн.

Засгийн газрын энэ оны “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын дагуу сум бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх ёстой. Аймаг 300 тонн өвс, 100 тонн тэжээл бэлтгэх даалгавартай.

Аймгийн нөөцийн газар 300 тонн өвс, 95 тонн тэжээл бэлтгээд байна. Сумдын  аюулгүй нөөц бэлтгэх ажил аймгийн дүнгээр 76,6 хувьтай. Зарим сумын нөөц бэлтгэл 50 хувиас доогуур байна. Сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх ажлыг ирэх сарын 01-ний дотор гүйцээх үүрэг чиглэл өгсөн.

- Энэ жил 1,1 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн. Мал мах бэлтгэлийн хувьд ямар ажил зохион байгуулж байна вэ?

- Мал аж ахуйн өвлийн бэлтгэлийг хангахдаа малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр анхаарч, тодорхой ажил хийж байгаа.

Хутаг-Өндөр суманд “Булган мах маркет” махны үйлдвэр ашиглалтад орсон. Үйлдвэрт мал махны борлуулалт хийж байна. Мөн Орхон аймагт байгаа гурван махны үйлдвэрт мал бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөж буй.

Урд бүсийн сумдаас шууд Улаанбаатар хот руу боруулалт хийх, мал мах авч байгаа аж ахуйн нэгжтэй холбогдож байна.   

М.Батжаргал

相关新闻