О.Ихбаяр: Хүн амын дөрвөн хувь төвлөрсөн усан хангамжтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Булган аймгийн Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг
хөгжүүлэх бодлого”-ыг батлан
гаргалаа. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт
хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, архитектор О.Ихбаяртай уулзаж ярилцлаа.
- Аймгийн хүн
амын усан хангамжийн сүлжээ ямар түвшинд байдаг юм. Төвлөрсөн, найдвартай усан
хангамжтай хүн ам хэдэн хувь байна вэ?
- Аймгийн нийт өрхийн 96,0 хувь зөөврийн, 4,0 хувь төвлөрсөн
усан хангамжийн сүлжээнээс ахуйн хэрэглээний усаар хангагдаж байна.
Үүнээс сумын төвийн нийт өрхийн 87 хувь нь зөөврийн,
үлдсэн хувь нь төвлөрсөн усан хангамжтай. Харин хөдөөгийн айл, өрхийн 98 хувь нь зөөврийн сүлжээнээс
усаар хангагдаж байдаг.
- Ус хангамжийн болон ариутгах татуургын хувьд
сүүлийн жилүүдэд нэлээд хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэхдээ хуучирч муудсан шугам
байгаа байх.
- Аймгийн төвд буюу Булган суманд ус хангамжийн
10,8, ариутгах татуургын 8,7км урт сүлжээ байгаа. Бүрэгхангай сум 2,1 км, Сэлэнгэ сум 1,5 км, Сайхан сум 0,25 км урт ус хангамжийн шугам сүлжээтэй.
Рашаант, Сэлэнгэ сумын ус хангамжийн шугам сүлжээ 1998 онд тавигдсан байна. Бугат сумын
эрүүл мэндийн төвийн 25 м-ийн шугам сүлжээ 2013 онд ашиглалтад орсон.
- Зориулалтын усан сангүй суурин газар байх шиг
байна. Ахуйн хэрэглээний бус “шар” саваар голоос ус зөөж яваа харагддаг.
- Бий. Одоогийн байдлаар Бугат, Баяннуур,
Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхон суманд зориулалтын усан
сан байхгүй байгаа. Могод сумын усан сан 1988 онд ашиглалтаас гарсан байдаг юм.
Эдгээр сумын иргэд, аж ахуйн нэгжүүд ариутгагдаагүй ус хэрэглэж байгаа нь
халдварт өвчин тархах, өвчлөлд өртөх эрсдэл өндөр байна гэж мэргэжлийн
байгууллагууд дүгнэдэг.
- Ариутгах татуулгын усны шугам сүлжээний хангамж
ямар байна. Ер нь бохир усны хаягдлыг яаж шийдэж байна вэ?
- Аймгийн нийт хүн амын 48,0 хувь нь ил задгай газарт, 49 хувь нь цооногт, 2,4 хувь нь төвлөрсөн, 0,2 хувь нь
бие даасан системээр бохир усыг зайлуулдаг гэсэн судалгаа гаргалаа.
Баян-Агт, Баяннуур, Бугат, Гурванбулаг, Дашинчилэн,
Могод, Орхон, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Хишиг-Өндөр суманд цэвэрлэх байгууламж
байхгүй, бохир усыг ил задгай хаяж байна.
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт хариуцсан
байгууллагуудыг зарим газар сумын Засаг даргын Тамгын газар, Могод, Дашинчилэн суманд
хувийн хэвшлийн аж, ахуй нэгжүүд хариуцаж байна. Зарим суманд шугам сүлжээ
хариуцсан тодорхой байгууллага байхгүй байгаа.
- Төвлөрсөн газруудын ариутгах татуургын асуудлыг
яаж шийдэхээр төлөвлөж байна вэ? Ялангуяа аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн
асуудлыг хэрхэн шийдэх бол.
- Булган
сумын цэвэрлэх байгууламж 1986
онд баригдсан хэдий ч өнөөдөр ямарч
ашиглалтгүй, лагийн талбай үүсч, бохир
ус хөрсөнд шингэж байна.
Орхон голын сав
газар, Ачуут голын хөндийг бохирдуулж, орчны эко тэнцвэрт байдлыг алдагдуулж,
хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Тиймээс Булган суманд хоногт 3000 м3-ийн хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн
барилга, угсралтын ажлын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, Азийн
хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэхээр тус банк болон Барилга, хот
байгуулалтын яамнаас дэмжлэг аваад байна.
- Хот
суурины ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого гаргаж байгаа
шаардлага, зорилго юунд байна вэ?
-
Шаардлагын хувьд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих, сум,
суурин газруудад үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд шинээр баригдахад ус хангамж,
цэвэрлэх байгууламжийн асуудал тулгамдаж байна гэж үзэж энэ бодлогыг гаргасан.
Дээр нь
байгаль орчныг бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цэвэр
орчин нөхцөлд аж төрөх шаардлагын үүднээс аймгийн ус хангамж, ариутгах
татуургын үйл ажиллагааг тодорхой бодлого чиглэлээр хөгжүүлэх хэрэгцээ шаардлага
байгаа юм.
Усны нөөцийг тогтоох, олборлох, зүй зохистой ашиглах, түүний
эх үүсвэрийг бохирдол, хомсдлоос хамгаалахын тулд ус хангамж, ариутгах
татуургын системд шинэ
тоног төхөөрөмж нэвтрүүлэх, шугам сүлжээг нэмэгдүүлж, бохир усыг
стандартын хэмжээнд цэвэрлэж, дахин ашиглах замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг
нөлөөллийг багасгах, ард иргэд, аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн
явуулах, аятай тухтай орчинд амьдруулахад бодлогын зорилго оршино гэж
томьёолоод байна.
- Энэ бодлогыг хэрэгжүүлснээр эцсийн үр дүнд ямар түвшинд
хүрэх бол?
- Хэд хэдэн шалгуур үзүүлэлт байгаа. Манай аймагт
хэрэглээний халуун ус байдаггүй. 2025 он гэхэд төвлөрсөн шугамд холбогдсон айл
өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэглээний халуун усаар бүрэн хангана. Мөн төв
суурин газрын усан хангамж, ариутгах татуургын байгууламжаар 100 хувь хангана
гэж тооцож байна.
Бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хоёр жил тутам гаргаж
хэрэгжүүлэн аймгийн ИТХ-д тайлагнаж байх юм. Ингэснээр усан хангамж, ариутгах
татуургыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудалд ахиц гарч бодлогын
зорилт хэрэгжих боломжтой юм.
М.Батжаргал