Хан-Уул дүүргийн 16 нас хүрсэн 120 залуу иргэний андгай өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Соёлын ордонд боллоо.
Энэ үеэр тус дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 120 залуучууд иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайгаа өргөв. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой.
Ёслолын ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга
Б.Энхболд хэлэхдээ, “Монгол Улсын иргэн болж үнэмлэхээ албан ёсоор гардан
авна гэдэг бол нэр төрийн хэрэг. Мөн хуульд заасан тодорхой эрх эдэлж, үүрэг
хариуцлага хүлээх юм. Тийм учраас өнөөдөр үнэмлэхээ хүлээн авч Монгол Улсын
иргэн болж байгаа нийт залуучууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт
хүсээд улс эх орондоо хэрэгтэй, ихийг хийж бүтээсэн Монгол Улсынхаа нэрийг
өндөрт өргөсөн хариуцлагатай иргэн болохыг хүсэн ерөөе” хэмээж Засаг даргаас
дурсгасан ном болон дурсамж, иргэний үнэмлэхийг гардуулан өглөө.
Андгай өргөж буй залуучуудад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн
газрын дарга С.Сүх-Очир, Оюуны төвийн захирал, лектор Г.Мөнгөн нар илтгэл тавьж
залуучуудыг нийгэмдээ манлайлагч байхыг уриалав. Түүнчлэн залуу дуучин
Ш.Хүрэлбаатар 16 насны дурсамжаа хуваалцан ая дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.