Үндэсний өгөх өдрөөр БСШУСЯ-ны хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Үндэсний зөвлөл”-ийн дэд зөвлөл БСШУСЯ-нд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус дэд зөвлөлийн үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга
Б.Баярсайхан удирдан зохион байгуулдаг. Үндэсний өгөх өдрийг угтан
Засгийн газраас тус яаманд ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй 2 өрхийн
ахуй амьдралыг дэмжих хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг
өрнүүллээ.
Яамны нийт албан хаагчид, дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд
болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын
үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан
болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн хамт олон оролцож сэтгэлийн хандив
цуглуулжээ.
Аяны хүрээнд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан Р.Болджаргалд
иж бүрэн тавилгатай гэр бэлэглэв.
Тэрбээр эхнэр таван хүүхдийн
хамт хадам аавындаа 10 гаруй жил амьдарч иржээ. Удахгүй зургаа дахь хүүхэд нь мэндлэх
аж. Мөн Б.Энхбаатарт төмөр эдлэл хийх төхөөрөмж, суурь машин худалдаж авахад нь
зориулж 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Харааны бэрхшээлтэй тэрбээр бие даан төмөр эдлэл хийхэд
суралцаж, түүгээрээ өрхийнхөө амьжиргааг залгуулдаг байна. “Суурь машин худалдаж
авах нь миний мөрөөдөл юм. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсондоо
баяртай байна” хэмээн тэрбээр
ярьсан юм.
Үндэсний өгөх өдөрт зориулан өрнүүлсэн БСШУСЯ-ны хамт олны
сайн үйлийн аяныг Шинэ анагаах ухаан их сургууль, Идэр их сургууль, Отгонтэнгэр
их сургууль, Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургууль, Улаанбаатар Олон улсын их
сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн удирдлага, хамт олон
дэмжин гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гардуулав. Их дээд сургуулийн
удирдлагууд Р.Болджаргал, Б.Энхбаатар нарын хүүхдүүдийг үнэ төлбөргүй
суралцуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.