Эрдэмтэд төрөлжсөн мэдээллийн санг ашиглах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын эрдэмтэн, судлаачид дэлхийд хүлээн зөвшөөрсөн эрдэм
шинжилгээний төрөлжсөн мэдээллийн санг ашиглах боломжтой боллоо.
Тодруулбал,
БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Шинжлэх ухаан, технологийн сан, ШУА, болон салбар
хүрээлэнгүүдийн судлаач нарт зориулан EBSCO-аас 2 төрлийн эрдэм шинжилгээний төрөлжсөн мэдээллийн
санг ашиглах гэрээг саяхан байгуулаад байна. Энэхүү гэрээний хүрээнд:
- Шинжлэх
ухаан, технологийн салбарын 1800 гаруй сэтгүүлийг индексжүүлсэн бөгөөд 670
гаруй сэтгүүлийг бүрэн эхээр үзэх боломжтой.
- Нийгмийн
шинжлэх ухааны салбарын 760 гаруй сэтгүүл индекслэгдсэн бөгөөд 320 гаруй
сэтгүүлийг 1972 оноос хойшхи дугааруудыг үзэх боломжтой болж байгаа юм.
Шинжлэх
ухаан, технологийн сан, ШУА, түүний салбар хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид
дээрх сангаас мэдээлэл хүлээн авахдаа зөвхөн байгууллагынхаа интернэт сүлжээнээс http://search.ebscohost.com/ хаягаар орж үзэх боломжтой.
Тодруулга: EBSCO нь Industries
Inc-ийн салбар бөгөөд 1944 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө дэлхийн
100 гаруй улс оронд 11 мянга гаруй байгууллага цахим мэдээллүүд болон тус
бүрийн номын сангийн каталог бүхий EBSCO Discovery Service (EDS) нэгдсэн нэг
цонхны хайлтын системийг ашиглаж байна. EBSCO нь олон сая хэрэглэгчдэд чиглэсэн
олон тооны судалгааны төрөлжсөн мэдээллийн сангууд, түүхийн архивууд болон
эмчилгээний зөвлөмж, тусламж бүхий лавлагааны сан зэргээр дамжуулан олон
төрлийн цахим судалгааны бүтээлүүдийг санал болгодог тэргүүлэх үйлчилгээ
үзүүлэгч юм.
Мөн 360 мянга гаруй төрөл бүрийн сэтгүүлийн захиалга үүнээс 57 мянган цахим сэтгүүл болон сая гаруй цахим номын онлайн захиалга, хэвлэмэл борлуулалтыг номын сангуудад санал болгодог дэлхийн тэргүүлэх мэдээллийн үйлчилгээний цогц үйлчилгээ /aggregator/ үзүүлэгч байгууллага юм.