Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-09 16:49:51

ТОСК-иас Түрээсийн орон сууцны нарийвчилсан журам буюу “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах тухай” журам боловсруулж баталжээ. Уг журмын талаар өнөөдөр ТОСК-ны Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал нар мэдээлэл хийв.

Түрээсийн орон сууцанд 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан залуу гэр бүл, төрийн албан хаагч, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд өртөж, орон байргүй болсон өрх, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл хамрах боломжтой.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд Иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт, өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа болон Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлт зэргийг бүрдүүлэх шаардлагатай аж. Түрээсийн мөнгө болон байр ашиглалтын төлбөр тухайн өрхийн орлогын 50 хувьтай тэнцэх ёстой хэмээн ТОСК-ын дэд захирал Д.Оюунжаргал мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Түрээсийг орон нутагт м2-ыг нь 4000, нийслэлд 5000 төгрөг байхаар тогтоосон. “Буянт-Ухаа 2” хороололд 39.3 м2, 49.23 м2 гэсэн 2 өрөө байрны сонголт бий. Тэгэхээр иргэд сард ойролцоогоор 200-250 мянган төгрөгийн түрээс төлнө гэсэн үг.

Түрээсийн байрыг нийслэлээс гадна Архангай, Увс, Ховд, Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт хэрэгжүүлнэ. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэл Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-нд, бусад 4 аймагт 21-25-нд болно. “Буянт-Ухаа 2” хороололд орох иргэдийг энэ сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-нд бүртгэх юм.

Орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо нийлүүлэлтээсээ давсан тохиолдолд www.tosk.gov.mn цахим хуудсаар дамжуулан сугалаа явуулна. Энэ талаар тухай бүрт нь бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Нийгэмд түрээсийн орон сууцийг 5 болон түүнээс дээш жил түрээсэлж, урьдчилгаа 30 хувиа төлсөн тохиодолд тухайн байраа өмчлөн авах боломжтой гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол манайхаас гаргасан албан мэдээлэл биш. Эдгээр байрыг өмчлүүлэх боломжгүй, зөвхөн түрээслүүлнэ.

Зарим иргэдээс өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого хүрэхгүй байна гэсэн гомдол ирсэн. Үүнийг бид нягтлаад өндөр настаны түрээсийг үр хүүхэд болон түүний халамжлагч нь, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мөн асран халамжлагч нь төлж болох зохицуулалт хийсэн” хэмээв.

Түрээсийн орон сууцанд орох иргэдтэй эхний ээлжинд 12 сарын хугацаатай гэрээ байгуулах бөгөөд хамгийн ихдээ 5 жил байх юм. Иргэд цаг тухайд нь түрээсээ төлөөгүй эсхүл орон сууцанд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдол гэрээг цуцлах аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻